Манай улс АИ-92 бензинийг 100 хувь хойд хөршөөс импортолдог. ОХУ-аас энэ есдүгээр сард манайд уг төрлийн шатахууныг нийлүүлэх хилийн үнэ 699 ам.доллар (тонн) болж буурчээ. Тодруулбал, энэ нь өнгөрсөн сарынхаас 34 “ногоон”-оор доогуур дүн юм. Хэдий хилийн үнэ ийн доошилсон ч дотоодод борлуулж буй шатахууны үнэд төдийлөн нөлөөлөхгүй аж. Нефть импортлогч компаниуд багагүй хугацаанд АИ-92 шатахууны борлуулалтаас алдагдал хүлээсэнтэй энэ нь холбоотой. Ташрамд дурдахад, дэлхийн зах зээлд өчигөр WTI маркийн нефтийн ханш 0.68 хувиар дээшлэн баррель нь 69.2 ам.доллартой тэнцэв. Мөн “Brent” төрлийнх нь 0.97 хувиар нэмэгдсэнээр 73.4 “ногоон”-д хүрчээ. ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн уулзалтын үеэр бүтээгдэхүүний олборлолтоо нэмэх, эсэх шийдвэр гаргахыг зах зээлд оролцогчид хүлээж байгаа билээ.
Бэлтгэсэн Ц.Болор