Цар тахлын үед улсын эдийн засгийн нөхцөл амаргүй, уул уурхайгаас бусад голлох салбар хүндрэлтэй хэвээр, иргэдийн орлого буурсаар байна. Ийм үед хөрөнгийн зах зээл хамгийн өндөр өсөлттэйд тооцогдох нь дамжиггүй. Монголын хөрөнгийн биржийн бэлэн мөнгөний буюу хоёрдогч зах зээлийн арилжаа 1995 оны наймдугаар сарын 27-нд анхны цанг цохисноор эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш Монголд хөрөнгийн зах зээл 26 жил бодит утгаараа хөгжжээ. Хоёрдогч зах зээлийн арилжаа эхлүүлсэн түүхэн өдрөө буюу өнгөрсөн сарын 27-нд гаргасан үзүүлэлтээр Монголын хөрөнгийн биржийн жилийн арилжааны дүн нэг их наяд төгрөг давжээ. Мөн ТОП 20 индекс 41 мянган нэгжид хүрэв. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 4.5 их наяд төгрөгөөс “хэтэрлээ”. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд түүхэн дээд түвшиндээ хүрэв.
Хөрөнгийн зах зээлийнхэн өсөлтийг бухаар билэгддэг. Бух уулын орой руу мөргөж хөөдөг зантай. Тиймээс өсөлттэй байгаа үеийг нь “бух зах зээл” гэж нэрлэдэг юм. Харин буурч байгаа зах зээлийг баавгай гэдэг. Учир нь баавгай уулын уруу алгадаж унагадаг амьтан. Эдийн засгийн хүндрэлтэй үед Монголын хөрөнгийн зах зээл яагаад “бух зах зээл”-д орсон бэ. Энэ асуултын хариултыг тодорхойлох хэрэгтэй.
Хамгийн гол нөлөөлсөн зүйл нь марко эдийн засгийн орчин. Эдийн засгийн эрсдэл багасахын хэрээр макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Сүүлийн жилүүдэд инфляц харьцангуй тогтвортой байлаа. Тодруулбал, нэг оронтой тооноос бага байсан юм. Энэ нь Төвбанкны бодлогын хүүг бууруулах таатай орон зайг бүрдүүлсэн. Ингээд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооныхон бодлогын хүүг зургаан хувьд хүргэж, доошлуулсан юм. Бодлогын ийм арга хэмжээ хадгаламжийн хүүг бууруулах таатай хөрс болов. Банкууд хугацаатай хадгаламжийн хүүгээ бүгд бууруулсан. Хамгийн олон харилцагчтай ХААН банкны хугацаатай хадгаламжийн хүү 8.3 хувьд хүрээд байна. Хадгаламж эзэмшигч хуулийн дагуу хүүгийн орлогоосоо 10 хувийн татвар төлөх учиртай. Нэг сая төгрөгийг жилийн хугацаатай банканд хадгалууллаа гэж бодъё. Хүү нь дээр дурдсанчлан 8.3 хувь. Энэ тохиолдолд жилийн хүүгийн орлого 83 мянган төгрөг болно. Үүнээс 8300 төгрөг татварт төлнө. Татварын дараах хүүгийн орлого нь 74 700 төгрөг болох нь. Нэг сая төгрөг жилийн хугацаатай хадгалуулаад олох өгөөж нь энэ.
Хадгаламж эзэмшигчид үүнийг бага өгөөж гэж үзэж буй. Тиймээс өндөр өгөөж өгөх өөр зүйлд хөрөнгө оруулахаар хайж эхэлсэн. Банканд 18 орчим их наяд төгрөгийн хадгаламж байршиж буй. Тэгэхээр их хэмжээний мөнгө өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт эрэлхийлж байгаа биз. Монголын хөрөнгийн бирж 2017 онд 800, 2015 онд 500 тэрбум төгрөгийн арилжаа хийж байжээ. Дээрх нь Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа хийсэн жилүүд юм. Тэгвэл энэ оны эхний гурван улиралд нэг их наяд төгрөгийн арилжаа хийгээд байна. Банкнаас хөрөнгийн зах зээл рүү мөнгө шилжиж буй дүр зургийг эндээс харж болно. Хөрөнгийн бирж энэ онд 1.5 их наяд төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийх болов уу гэж таамаглаж байна. Байнга алдагдалтай ажиллаж ирсэн Монголын хөрөнгийн бирж энэ оны хагас жилийн дүнгээр 1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Банканд хадгалуулж буй мөнгөний 20 хувь нь хөрөнгийн зах зээл рүү “хөрвөхөд” дүр төрхийг шинэчлээд хаячихаар байгаа биз. Нийт 3.6 их наяд төгрөг хөрөнгийн зах зээлд орно гэсэн үг.
Монголын хөрөнгийн зах зээлд анхны нэг их наяд төгрөг давсан зах зээлийн үнэлгээтэй компани мэндэлсэн нь АПУ байлаа. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд төгрөг давжээ. Улмаар нийт зах зээлийнхээ 25 хувийг эзэлж байна. АПУ-гийн хувьцааны ханш энэ оны эхэнд 600 төгрөгтэй дүйж байв. Тэгвэл өдгөө хоёр дахин нэмэгдэж, 1288 төгрөгт хүрээд байна. Яагаад хувьцааных нь ханш хоёр дахин өссөн юм бол гэж гайхаж магадгүй. Тус компани жилд хоёр удаа ногдол ашиг тараадаг болсон. Хагас жилд 40-50 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж буй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа. АПУ жилд хоёр удаа ногдол ашиг тараах шийдвэр гаргасан, хөрөнгийн зах зээлийг сонирхогчид нэмэгдсэн хугацаа давхацсан юм. Одоогоор хөрөнгийн зах зээл хамгийн өндөр өгөөж өгсөн бүтээгдэхүүн нь АПУ компанийн хувьцаа болоод байна.
Эндээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд сайн бүтээгдэхүүн хэрэгтэй нь харагдана. АПУ шиг ашигтай ажилладаг компанийн хувьцаа, “Эрдэнэс Тавантолгой”-нх шиг бонд арилжвал хөрөнгө оруулагчид гар татахгүй нь. Тэгэхээр одоо Монголын хөрөнгийн бирж бүтээгдэхүүндээ анхаарах хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд 18 компанийн хувьцаа бүртгэлтэй байдаг. Эдгээр нь харьцангуй сайн компаниуд гэж үнэлэгддэг. Хоёрдугаар ангилалд 42 компани бүртгэлтэй. Манай зах зээлдээ боломжийн компаниуд гэж ойлгож болно. Гуравдугаар ангилалд 125 компани бүртгэлтэй. Эдгээр нь асуудалгүй компаниуд. Тэгэхээр сайн бүтээгдэхүүн хомс байгаа биз.
Жил бүр 100 орчим компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэг. Өөрөөр хэлбэл, ил тод мэдээлэх шаардлагатай тайлангаа хөрөнгийн биржид ирүүлдэг гэсэн үг. Үлдсэн нь хууль биелүүлдэггүй. Тэгэхээр ийм компанийг хөрөнгө оруулагч хэзээ ч сонирхохгүй. Тиймээс хариуцлага тооцоод биржийн бүртгэлээс хасах хэрэгтэй. Ерөнхийд нь авч үзвэл, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид томоохон хоёр сул тал харагддаг. Хувьцааны төвлөрөл ихтэй. Нэг компанийн 98 хувийг ч нэгдмэл сонирхолтой этгээдүүд эзэмшиж байх тохиолдол бий. Төвлөрөл ихтэй учраас хувьцаа нь хөрвөх чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, хувьцаа нь эргэлтэд ордоггүй гэсэн үг.
Мэдээж хэрэг хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүд гарч байна. Шинэ бүтээгдэхүүнийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн гаргаж байгаа учраас сайн гэсэн үнэлгээ өгч болно. Гэхдээ жилд гаргаж буй хувьцааны тоо төдийлөн нэмэгдэхгүй байгаа. Тэгэхээр хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй боломжийн компаниудаа нэмэлт хувьцаа гаргах замаар санхүүжилт татаж, үйл ажиллагаагаа сайжруулахыг ятгах хэрэгтэй. Энэ нь хөрөнгийн биржийн лангууг сайн бүтээгдэхүүнтэй болгох нэг арга зам юм.
Томоохон банкуудад хөрөнгийн зах зээлд хувьцаагаа борлуулах үүргийг хуулиар хүлээлгэсэн. Банкууд хувьцаагаа гаргасны дараа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин нэмэгдэнэ гэж санхүүчид тооцож буй. Тэгэхээр ирэх жил хөрөнгийн зах зээл дахиад “бух зах зээл”-д байх нь. Хэрэв сайн бүтээгдэхүүнүүдтэй байсан бол энэ жил дээрхээс ч илүү өсөлт гаргах байсан болов уу. Тэгэхээр “бух зах зээл”-ийг үргэлжлүүлэхийн тулд бүтээгдэхүүндээ л анхаарах хэрэгтэй байна.