Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгад Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хорооны гишүүнээр ажиллах санал тавьжээ. Ерөнхийдөө тус хороог ахалж буй Ерөнхий сайдад зөвлөж, хамгийн ойр байх албан тушаал гэж ойлгож болно. Гэхдээ үүнд нь экс Ерөнхийлөгч хараахан хариу өгөөгүй, томилчихсон гэсэн үг бас биш болохыг тодотгоё. Уржигдар “Токио-2020” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй Ерөнхий сайд утсаар ярьж, баяр хүргэсэн. Үүний дараа тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ярьж, дээрх саналаа албан ёсоор уламжилсан юм билээ. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд ч энэ тухайгаа танилцуулсан сурагтай.
Сайд нараа томилж, чөлөөлөхдөө ч төрийн эрх барих дээд байгууллагаас зөвшөөрөл хүсэхээргүй эрх мэдэлтэй болсон Ерөнхий сайд аль нэг хорооны гишүүн, зөвлөх тэргүүтнийг томилохдоо танхимынхаа гишүүдээс санал авах шаардлагагүй ч энэ удаа албан ёсоор дуулгасан бололтой. Гэхдээ Засгийн газрын тэргүүн олимпын аваргатай боллоо гэж онгирч, хөөрсөндөө Х.Баттулга руу шууд утас цохиогүй нь мэдээжийн хэрэг.
Урьдчилан тохирсон, эрх баригчид дээд түвшиндээ, тодорхой хэлбэл, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, өмнөх дарга, өнөөгийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хэдийн санал нэгдсэн байсан нь лав. Хэдийгээр Ерөнхий сайд нам, засгийн тамгыг хослон барьж байгаа ч өрсөлдөгч намын нөлөө бүхий төлөөлөгч, өнгөрсөн дөрвөн жилд төр тэргүүлсэн хүнийг хажуудаа байлган, зөвлүүлэн туслуулах шийдвэрийг ширээний араас ганцаараа, сэтгэл хөдөлсөндөө гаргачихаагүй нь тодорхой. Гэвч Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ийм нэгэн санал тавих гэж буйгаа тэдэнд тайлбарлаж, үнэмшүүлэн ятгана гэдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд багагүй ур чадвар, зориг шаардсан ажил байсан болов уу. Бас эрсдэл, хардлага дагууллаа.
Засгийн газрын тэргүүн нэн түрүүнд анхаарал хандуулж, шийдвэрлэх таван багц асуудлаар үндэсний хороо байгуулж, өөрөө ахлан ажиллаж байгаагийн нэг нь олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой дээрх бүтэц. Энэ нь зөвхөн спорт, хэдэн тамирчинд хамаатай бус, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал гээд олон салбарын уялдаа холбоог хангаж, нэгтгэн зангидах, бодлогын чиглэл тодорхойлох хороо байх талаар ч тайлбарласан.
Гэвч энд нэр дурдагдсан хүмүүсийн харилцаа, хэлхээ холбоог албаны мэт харагдуулж, өнгөлөн далдлах гэсэн халхавч нь үндэсний хороо байх гэсэн таамаг, зөн илүү олон хүнд төрж байгаа нь нууц биш. Жишээ нь, төмөр замын төсөл, хөтөлбөрүүд тэднийг нэгтгэсэн байхыг үгүйсгэхгүй гэлцэнэ. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам” төслийн талаар хамгийн идэвхтэй ярьж, цаг хугацааны хувьд бүрэн эрхээ бүтэн эдэлж чадвал энэ том бүтээн байгуулалтын ард гарч, хүлээлгэж өгчихөөд явна гэдгээ хэлэх болсон. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд бас л өнгөрсөн жилүүдэд өрнөсөн төмөр замын бүтээн байгуулалтыг өөрөөрөө “авторлах”-д таатай ханддаг. Өмнийн говьд өрнүүлсэн төмөр замын ажлын явц, үр дүнг үзэхээр У.Хүрэлсүх, Х.Баттулга нар хөтлөлцөөд гүйх шахам явсан үе саяхан билээ. Юутай ч экс Ерөнхийлөгчийг үндэсний хороонд багтаасан нь Л.Оюун-Эрдэнэ, өнөөгийн эрх баригчдын “толгой”-д байгаа хүмүүс болон Х.Баттулга нар их олон талаар, тэр дундаа улс төрийн талбарт хамтран ажиллах нь гэх мессежийг хүссэн, хүсээгүй өгч таарна. Харин тэр нь чухам юу болох, хэрхэн хамтрах тухайд хэдэн таамаг бий.
Юуны түрүүнд тэд эх орон, иргэд олныхоо төлөө ийн хамтрах гэж байна гэвэл итгэмгүй, хэт романтик сонсогдож магадгүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн хэн хэнтэй нь ах дүү, анд нөхдийн барилдлагатай Б.Баатар гэж хүний холбоос, нөлөө байхыг ч үгүйсгэхгүй. Тэглээ ч, тэд юу гэж тохирсон байлаа ч тэр нь маш том байх учиртай гэж хэлээд байгаа юм. Уг нь тэдний улс төрийн замнал, бүтээсэн түүхээс нь харвал өнөө, маргаашийн зуурт тэврэлдэж, гар барих шалтаг үгүй. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болгох “ажиллагаа”-г У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын намынхан зохион байгуулсан гэлцдэг. Өөрийг нь өрсөлдөх боломжийг хязгаарлах хүртэл, дараа нь ч тэрбээр ийн гомдоллож явсан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох замаа засаж, Ерөнхий сайдаас огцрохдоо ч түүнийг тайван байлгалгүй “Миний итгэж, найдаж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үйл явцыг улстөржүүлсэн. Цаашид зохион байгуулалттайгаар жагсаал, цуглаан хийж, Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн ийм үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал дахиж бүү давтагдаасай хэмээн Ерөнхий сайдын хувьд хүсэж байна. Огцорч буй минь ч үүнтэй холбоотой” гэж хэлчихээд явсан нь ердөө хагас жил гаруйн өмнөх явдал. Үүнийх нь төлөө нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандан, МАН-ыг татан буулгахын төлөө чадах бүхнээ хийсэн хүн нь Х.Баттулга. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт түүнийг АН-аас нэр дэвшинэ гэх яриа ч гарсан. Юутай ч ийм ангалыг дүүргэх хэмжээний ойлголцол томоохон тохирооны дараа л үүсэх боломжтой. “Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй” гэсэн үг ч бий. Гэхдээ тэднийг хэдийн хэрэлдэж, муудалцахааргүй болсныг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л шивэр авир хийж байсан юм шүү.
Үнэндээ Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ын Х.Баттулгад засаг, төрийн түвшинд хамтран ажиллая, чаддаг, мэддэгээ зөвлөөч гэж хандах нь буруу зүйл биш. Олимпоос манайхан медаль хүртэхэд оруулсан Х.Баттулгын хувь нэмрийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Магадгүй олимпизмыг дэлгэрүүлэх нь түүний хувьд хамгийн сайн хийж чадах ажил нь болов уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өрсөлдөгч намынхаа гишүүдийг өөдтэй албанд томилсон тохиолдол нэгээр тогтохгүй. “Bloomberg TV Mongolia” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Долгионыг өнгөрсөн даваа гарагт орон тооны зөвлөхөө болгов. Э.Долгион нь УИХ-ын 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан юм. Эх орны нийтлэг эрх ашгийн төлөө нам харгалзалгүй, боловсролтой, чадалтай хүмүүсийг урьж, хамтран ажиллах нь угтаа нүд бүлтийлгэх зүйл биш. Тэр тусмаа Засгийн газрын тэргүүн нь өөрөө толгой мэдэн шийдээд, томилчихож байгаа нь сайн хэрэг. Л.Оюун-Эрдэнэ одоо л биеэ дааж байгаа юм биш үү.
Гэвч тэр болгонд эсэргүүцэл, шүүмжлэл байсан уу гэвэл тийм. Намынхаа хүмүүсийг тоосонгүй, найз нөхдөө томиллоо гэх яриа гарч л байсан. Харин Х.Баттулгад тавьсан саналтай холбоотойгоор Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Эсгий хийх газар нохой хэрэггүй” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “АН-ыг амжилттай самарлаа. Одоо МАН-ыг гэчихсэн тууж яваа” гэж нийгмийн сүлжээнд жиргэсэн байх жишээтэй. Хэнээс ч юм ийм шүүмжлэл ирэх нь тодорхой юм. Хувь хүмүүсийн харилцаа хийгээд хийсэн ажлынх нь замнал ийм суурийг хэдийн тавьсан гэхэд болно. Эрх баригчдын зарим нь эсэргүүцлээ ийн илэрхийлсэн нь Ардын нам дахь “архаг” бүлэглэл, нэгдлийн хөдөлгөөнийг ил бөгөөд эрчимтэй болгож мэдэх л юм.
Нөгөө талаас Ерөнхий сайдын эл шийдвэр Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар одоогоор ойлголцож, санал нэг байгааг батлав. Сул сөрөг хүчинтэй байгааг ч хэлэх үү, олонхыг бүрдүүлж буй эрх баригчид өөрсдөө дотроосоо Засгийн газрыг огцруулах тухай яриа өнөө хэр гарч буй. Эзэн, холбогдогч нь үл мэдэгдэх энэ мэт ярианы цаана Д.Амарбаясгалан нарын нэрс дуулдаж л байсан. Гэхдээ энэ нь Засгийн газар огцрох эрсдэлээс ангижирлаа гэсэн үг биш. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулсан цагаас эхлэн гарсан түүнийг огцруулах тухай ярианы шалтаг болж ч мэднэ.