ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир ажил үүргээ гүйцэтгэж байхдаа сонор сэрэмж гарган, хүүхдийн амь аварчээ. Түүнээс болсон явдлын талаар тодрууллаа.
-Машинд цоожлуулж үлдсэн бага насны хүүхэд халуунд бүтэж, ноцтой зүйл болохоос урьдчилан сэргийлжээ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-ХХААХҮЯ-ны урд буюу замын эсрэг талд ажил үүргээ гүйцэтгээд явсан юм. Гэтэл хүүхэд уйлах чимээ сонсогдсон. Эргэн тойрноо ажиглахад ил юм харагдаагүй. Айлын цонхоор хүүхдийн уйлах дуу сонсогдов уу гэж бодсон. Гэсэн ч хүүхэд уйлаад л байв. Тэгэхээр нь ойр орчмын машиныг шалгахад “Toyota Crown-210” автомашины арын суудалд хүүхэд уйлах дуулдсан. Тухайн машины шил битүү хар теньтэй учраас хүүхэд харагдахгүй, уйлах нь л сонсогдсон.
-Автомашины шилэн дээр гар утасны ямар нэг дугаар байгаагүй юу. Хүүхдийг хэрхэн гаргав?
-Байгаагүй. Тиймээс албаны дугаар луу залгаж, автомашиныг шүүлгэхэд 91-тэй дугаар өгсөн. Холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь даатгалын байгууллага руу залгасан. Бас л 91-тэй өнөөх дугаарыг өгсөн. Автомашины цонхыг хагалъя гэхээр хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс автомашины бороо, салхины хаалтыг эвдэлж цонхийг доош дарсан. Улмаар нарийн завсар гаргасан ч миний гар багтаагүй. Эргэн тойрондоо жижиг гартай хүн хайсан. Эргүүлийн цагдаа ирж бидэнд тусалсан. Автомашины хаалгыг онгойлгож, хүүхдийг тэвэрч аргадсан ч уйлсаар байсан. Ээж нь цэцэрлэг, сургууль хөөцөлдсөн бололтой, бас 5-6 настай гэмээр охиноо дагуулчихсан, төрсний гэрчилгээ барьчихсан ирсэн. Ирээд хүүхдээ хөхүүлсэн ч айж цочролд орсон учраас уйлсаар байсан. Машины хаалгыг нээж, ээж нь иртэл 25 минутын хугацаа өнгөрсөн. Машинд цоожлуулж үлдсэн ой гарантай хүүхэд цочролд орж, тайвшрахгүй хэсэгтээ л уйлсан.
-Ямартай ч хүүхдийг учирч болох эрсдэлээс хамгаалж чаджээ. Ээж, аавд нь хариуцлага тооцох уу?
-Хүүхдээ үл хайхарсан бол хариуцлага тооцох заалт Эрүүгийн хуульд бий. Гэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулиар 50 нэгжээр торгоно. Мөн маргааш машины хар тенийг хуулна.
-Өмнө нь бага насны хүүхдийг автомашинд цоожлон үлдээж, эрсдэлд оруулж байсан тохиолдол гарч байсан уу?
-Өвлийн хүйтэнд машиндаа хүүхдээ үлдээгээд удаан хугацаагаар явсан тохиолдол гарч байв. Зуны цагт дээрх шиг тохиолдол цөөнгүй гардаг.