Дотоодын байдал нь тайван бус байгаа ч Ирак улс бүс нутгийн тоглогчид хоорондын яриа хэлэлцээний талбар болов. Хамтын ажиллагаа, түншлэлийн хурал нь сүүлийн есөн жилийн хугацаанд Багдадад болсон олон улсын анхны томоохон арга хэмжээ болсон байна. Үүнд Саудын Араб, Иран зэрэг есөн орны төлөөлөгч оролцов. Тегераны эсрэг Израил болон Арабын орнуудын эвсэл байгуулахыг оролдож байсан Америкийн өмнөх засаг захиргааны үед ийм уулзалт хийх боломжгүй байв.
Найрсаг хөрш байх, дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, үндэсний бие даасан байдлыг хүндэтгэх зарчмын дагуу харилцан эрх ашгийг харгалзан үзсэн тохиолдолд л бүс нутгийн мөргөлдөөнүүдийг шийдэх боломжтой гэж тус хурлаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Эл арга хэмжээ нь юуны түрүүнд, Иракийн тогтвортой байдлыг сэргээхэд тус болох, уг бүс нутгийн бусад улс хоорондын түгшүүртэй байдлыг дэвэргэхгүй байх нөхцөл бүрдүүлэх, хоёрдугаарт, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц өгөх зорилготой байв. Эцэст нь, Багдад шаардлагатай бүх амлалтыг авчээ. Хуралд оролцогчид ирэх аравдугаар сард болох парламентын сонгууль зэрэг төрийн зохион байгуулалтуудаа бэхжүүлэх талаарх Иракийн Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдэж, тэрчлэн терроризм, цар тахалтай тэмцэхээс эхлээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шийдэх, тус улсын дэд бүтцийг сэргээхэд туслахаа амлажээ. Уулзалтын төгсгөлд хуралд оролцсон орнуудын ГХЯ-ны төлөөлөгчөөс бүрдсэн, дараагийн уулзалтад бэлтгэх, Иракаас дэвшүүлсэн эдийн засаг, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэлэлцэх хороо байгуулахаар шийдсэн аж.
Иракийн өнөөгийн байдал тогтворгүй байгаа. Одоогийн Ерөнхий сайд Мустафа Каземи ирэх аравдугаар сард болох сонгуулийн дараа уг албан тушаалыг хаших бодолгүй байгаа юм. Түүгээр зогсохгүй энэ онд тус улс дахь АНУ-ын цэргийн гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөнө. Иракаас Америкийн 2500 цэрэг гарах ёстой ч Афганистаны байдал асуудлыг эргэн авч үзэхэд хүргэж болзошгүй. Дээд хэмжээний уулзалтад оролцсон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын сонголтыг үл харгалзан, Иракийн Засгийн газар шаардлагатай гэж үзвэл тус улсад терроризмтой тэмцэх талаарх оролцоогоо хэвээр хадгалахаа амлажээ. Түүнээс гадна дээд хэмжээний уулзалтад Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Йорданы хаан II Абдалла, Катарын эмир, шейх Тамим бен Хамад Аль Тани, Кувейтийн Ерөнхий сайд, шейх Сабах Халед аль-Хамад ас-Сабах, АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч Мухаммед бен Рашед Аль Мактум, Турк, Саудын Араб болон Ираны Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, хунтайж Фейсал бен Фархан болон Хосейн Амир-Абдоллахиан нар оролцов. Маргаан дагуулсан учраас Иракийн хөршүүдээс ганц Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг уриагүй гэнэ. 2003 онд Саддам Хусейний дэглэмийг олон улсын эвсэл түлхэн унагаснаас хойш бие даасан байдлаа алдсан Ирак бүс нутгийн гол тоглогч болох Турк, Иран, Саудын Араб болон АНУ-ын эрх ашгийг хөндсөн газар нутаг болсон юм. Дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан Иракийн удирдагчдын хүчин чармайлтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өндрөөр үнэлжээ. Тэрбээр Израилын Ерөнхий сайд Нафтали Беннеттэй уулзахдаа Вашингтон Ираны асуудлаар дипломат байр суурь баримтлахыг илүүд үзэхийг мэдэгдсэн байна. Гэхдээ дипломат бодлого бүтэлгүйтвэл өөр хувилбар сонгоно хэмээн Ж.Байден мэдэгдсэнийг Тегеран шууд сүрдүүлэг хэмээн хүлээн авчээ.