Англи, япончууд сонин, содон зүйл сэдэхдээ гаргууд. Япончуудын хувьд заримдаа хэтийдсэн хачирхалтай зүйлд дурладаг сониуч зантай. Энэ нь амьдралын хэв маягт нь хүртэл нөлөөлж, ертөнцийн бусад улс, үндэстэн ойлгоход бэрх үйл явдал тэнд өрнөдөг. Хүүхэлдэйн киногоор амьсгалж, амьдралаа тэр чигт нь “баатар“ болгосон өсвөр үеийнхнээс нь эхлээд, идэр эрэгтэй, эгчмэд бүсгүй түрээсэлдэг дунд насныхан гэхчлэн япончуудын дунд чих дэлдийлгэм сонин, хачин зүйл их. Ийм эрэлтэд нь таарwweсан содон үйлчилгээ сэдэх нь тус улсын бизнесменүүдийн хувьд мэдээж бас л сонирхолтой ажил. Өдгөө Японд махлаг, тарган хүн түрээслэх үйлчилгээ нэлээд моод болсон аж. Тодруулбал, 100- гаас дээш килограмм жинтэй хүмүүсийн хувьд орлогын бас нэгэн эх үүсвэр болох дебүкари хэмээх шинэ үйлчилгээ гарчээ. Энэ нь илүүдэл жинтэй хүмүүсийг түрээслүүлэх үйлчилгээ бөгөөд нэг цагийн хөлс нь 2000 иен буюу ойролцоогоор 18 ам.доллар гэнэ.
Уг түрээсийн бизнесийг анх Осака хотод 2017 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс олны анхааралд илүү өртөх болжээ. Дебүкари гэдэг нь японоор дэбү буюу тарган, карирү (түрээслэх) гэдгээс үүдэлтэй нэр. Дунд насны ах, эгч түрээслүүлэхээс ялгаатай нь дебүкари бол романтик дагалдан явагч, эсвэл эротик зугаа цэнгэл, энэ төрлийн бусад үйлчилгээ огт биш. Тарган байх нь огт сөрөг имиж биш. Бусдаас илүү жинтэй нэгнийгээ хачирхан харахын эсрэг буюу нийгэмд зөв уур амьсгал бий болгох зорилготой гэдгийг эл үйлчилгээнийхээ талаар санаачлагчид нь тайлбарлаж байна. “Япончуудын амьдралын хэв маяг, уламжлал нь таргалах “боломж олгодоггүй”. 100-гаас дээш кг жинтэй болоход маш их ур чадвар шаардагддаг” хэмээн хошигнодог тэд үнэндээ бол тарган хүмүүст зориулсан хувцасны дэлгүүрээс үүдэлтэй ийм үйлчилгээ сэдсэн юм байна. Дебүкари үйлчилгээг эхэндээ XXL ба түүнээс дээш хэмжээтэй хувцасны захиалга авдаг загвар зохион бүтээгчдэд зориулсан ч удалгүй сурталчилгааны болон киноны зураг авах, бичлэг хийх, зэрэгт “хүнд” жингийнхнийг түрээсэлдэг болжээ. Харин сүүлийн үед хувь иргэдийн сонирхлыг татах болсон аж. Тэгэхээр тарган хүмүүсийг түрээслэгч нь чухам ямар зорилготой вэ гэж гайхах хүн олон гардаг. Тун энгийн, гэхдээ зарим хүний хувьд хачирхалтай байж мэдэх юм. Тухайлбал, маш их хэмжээгээр хоол, эсвэл том хэмжээтэй бургер, пицца захиалчихаад хамтдаа идэхийн тулд “бүдүүн” хүн түрээсэлдэг бол 100-гаас дээш кг жинтэй найз, танилдаа хувцас сонгоход дебүкари хамгийн тохиромжтой үйлчилгээ гэж үзэх нь бий. Түүнчлэн Японд түгээмэл тархсан косплей (барби зэрэг төрөл бүрийн хүүхэлдэй, уран зохиол, комик, аниме, манганы баатар шиг энгэсэгдэн, хувцаслаад хөдөлгөөнийг нь хүртэл дуурайх) хийхэд тарган хүн эрэлттэй байдаг аж. Эл үйлчилгээг авдаг өөр нэгэн шалтгаан нь туранхай харагдах гэнэ. Өөрөөр хэлбэл, өөрийгөө тарган гэж боддог хүмүүс илүү бүдүүн нэгнийг хажуудаа байлгаснаар “би”-гийнхээ үнэлэмжийг дээшлүүлдэг байна. “Би тарган хүний хажууд зургаа авхуулбал туранхай харагдана” гэж хандах нь ч олон байдаг талаар үйлчилгээ үзүүлэгчид ярьжээ. Өөрт тулгарсан асуудал, зовлонг “том” хүнд ярих нь сэтгэлд нь өег, “даацтай” санагддаг гэсэн шалтгаанаар тарган хүн түрээслэх тохиолдол нэлээд байдаг аж. Заримдаа савлуур, тэнцвэрт дүүжин дээр хамт тоглох хүн хэрэгтэй байна гэж хандах нь ч бий. Түрээслэгчийн зорилго, шалтгаан ямар байхаас түрээсийн үнэ үл хамаарч нэг цагт 2000 иен байдаг. Сүүлийн үед эл үйлчилгээний эрэлт ихсэж байгаа учраас хүний нөөц дутах болсон тул 100- гаас дээш кг бол тус компанид хандахад ажлын байр баталгаатай юм байна, гэхдээ мэдээж Японд байгаа бол шүү дээ.
Тарган хүмүүс хоолны кампанит ажил, эсвэл өөх тос багатай хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааны нүүр царай болох нь элбэг. Ер нь хүн түрээслүүлдэг агентлаг Японд 30 орчим жилийн өмнө анх бий болсон түүхтэй юм байна. 1980-аад онд тус улсад эдийн засгийн “бүүм” болж, төрөлт харин эл өсөлтийн эсрэг үзүүлэлттэй байж, дундаж наслалт нэмэгджээ. Үүний дүнд өндөр тэтгэвэртэй, ганц бие настан олширч, тэдний үр хүүхдүүд ажил, сургууль “хөөн” тусдаа өөр газарт амьдрах болсон нь “гэр бүлийн гишүүн түрээслэх” үйлчилгээний эхлэл болсон ажээ.
Бэлтгэсэн Э.Хана