Манай улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран манай орны бэлчээрийн нөөц, нөхцөл байдалд сүүлийн 17 жилийн турш судалгаа хийжээ. Улмаар 18 аймгийн 184 сумд бэлчээр ашиглагчдын сүлжээ байгуулж, 1254 хоршоотой гэрээ байгуулж, газрын нэгдсэн системд бүртгүүлсэн аж. Ингэснээр 44.2 сая га бэлчээрийн талбайг хамгаалсан бол 20.6 саяыг сэргээн сайжруулжээ. Түүнчлэн “Хариуцлагатай нүүдэлчид” хэмээх стандарт бий болгож, Монгол орны бүс бүрийг хамруулан 15 сумд нэвтрүүлж, Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэд малын эрүүл мэндийг мөшгөх үндэсний систем бий болгон цахим гэрчилгээ олгож эхэлсэн юм байна. Ингэснээр мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар нь сайжирч, малчдын орлого нэмэгдэх боломж бүрдсэн гэнэ.
Эртнээс уламжилсан нүүдэлчдийн өв соёлыг сэргээн хадгалуулах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, үр ашиг ихтэй, ухаалаг хэрэглээнд түшиглэн тал хээрийн бэлчээр нутгийн экологийн тэнцвэрийг сэргээх зорилготой “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн үр дүнд дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн аж. Ингэснээр малчид хадгаламж зээлийн 39, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх 62 хоршоо байгуулжээ. Уг төслийн үр дүнг есдүгээр сарын 9-10-нд болох “Бэлчээрийн үндэсний IV форум”, “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хаалтын үеэр дэлгэрэнгүй танилцуулах гэнэ.