Сүхбаатар дүүргийн прокурорын газраас өсвөр насны хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон шалтгаан нөхцөлийг судалж “Хүүхэд бол бидний үргэлжлэл” аяныг эхлүүлжээ.
Тус аяны зорилго нь судалгаан дээр үндэслэн хүүхдийн эрхийн талаар боловсролын байгууллагын ажилтнууд, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд мэдлэг олгох, хариуцлагыг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байна.
Аяны хүрээнд тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчил болон хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх” нь сургалтыг тус дүүргийн хорооны болон сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан танхимын хэлбэрээр зохион байгуулжээ.
Сургалтаар УЕПГ-ын хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа, тус дүүрэг дэх Цагдаагийн газар, “Гүүд Нейборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн нар хүүхдийн эрхийг ханган ажилладаг нийгмийн ажилтнуудад хууль, эрх зүйн мэдлэг олгосон байна.