ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг нь Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг чуулга уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар зохион байгуулдаг бөгөөд тус улсын болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг жил бүр нэгтгэдэг олон улсын хамгийн том платформуудын нэг юм. Чуулга уулзалтын хүрээнд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийж, бизнес эрхлэгчдэд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүд зохион явуулдаг уламжлалтай билээ.
Энэ жил "Алс Дорнод-шинэ сорилтууд ба боломжууд" хөтөлбөрийн хүрээнд олон улсын тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар салбар хуралдаан зохион байгуулах нь. Мөн Ази, Номхон далайн орнуудаас Европ руу бараа тээвэрлэх уламжлалт маршрутад өөрчлөлт оруулсан “Ковид-19” цар тахал, Суэцийн сувагт гарсан асуудалд онцгой анхаарал хандуулах юм. Ийм хүнд нөхцөлд ачааны эзэд Суэцийн сувгаар дамжин өнгөрөх урт хугацааны гэрээтэй байсан ч урсгалыг төрөлжүүлж, Оросын Алс Дорнодоор дамжин өөр зам хайхаас өөр аргагүй болдог. Үүний зэрэгцээ Deep sea чиглэлийн ачаа тээврийн үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд бараг найм дахин нэмэгдсэн нь Оросын Холбооны Улсад ложистикийн шинэ төв болох давуу тал бий болгож байгаа юм.
2021 он гарснаас хойш Алс Дорнодоор дамжин өнгөрсөн ачаа тээвэрлэлт 2020 оныхтой харьцуулахад 20 хувиар өсжээ. ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр Умард тэнгисийн зам нь Суэцийн сувгийг орлох маршрут болох магадлал өндөр байна.
ОХУ-ын Санкт-Петербург хотоос Энэтхэгийн Мумбайн боомт хүртэлх 7.2 мянган км урт "Умард-Өмнөд" олон улсын тээврийн коридор нь Евразийн интеграцид чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлт байна. Энэ нь Орос, Азербайжан, Иран, Энэтхэгийг холбох болно.
Эхний шатны ажлыг нь 2021 оны эцэст дуусгахаар төлөвлөж буй Транссибирийн төмөр зам, Байгал-Амурын магистралийг өргөтгөх, шинэчлэх ОХУ-ын төлөвлөгөө нь Евразийн тээвэрлэлтийн холболтын үйл явцад хувь нэмэр оруулсан юм. Борлуулалтын томоохон зах зээлүүд болох Япон, Хятад, Өмнөд Солонгос болон хурдацтай хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн бусад оронд газар нутгийн хувьд ойрхон байрлах, олон улсын тээврийн коридорыг амжилттай хөгжүүлэх нь Алс Дорнодын чадавхыг хөгжүүлэх олон талын санаа санаачилгыг дэмжихэд ач холбогдолтой.
Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт нь бүх оролцогч, тэр дундаа Монголын төлөөлөгчдөд олон улсын тээврийн коридорыг ашиглах, хөгжүүлэх хамтын ажиллагааны харилцан ашигтай асуудлын талаар Оросын талтай ярилцах сайхан боломж олгох юм. Уг чуулга уулзалт хамтын ажиллгааны ямар нөөц, боломж байгааг харуулах бөгөөд энэ чиглэлээр бодит гэрээ, хэлэлцээр байгуулахад тус дөхөм болно.