Нийслэлийн Сүхбаатар дүүрэг “Өглөөний гудамж”-тай болсноо зарлаж, нээлтийг нь хийв. Нэгдүгээр хороон дахь Жамъян гүний гудамж, олны мэдэхээр төв талбайн урд байх “Blue sky” цогцолборын өмнөх зайг залуус, ер нь хүссэн хүмүүс өглөө эртлэн болзож, уулзаж, ажил хэргийн яриа хөөрөө өрнүүлж байх боломж бүрдүүлэн тохижуулжээ. Зохион байгуулагчдын хүсэлтээр тэнд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд нээх цагаа урагшлуулсан аж.
Энд нийтийн эзэмшлийн 600 ам метр талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, ургаа мод бүрийн доор сандал байрлуулсан байна. Номын булан, цэвэршүүлсэн усны цорго, тамхины цэгтэй. Мөн 200 хүн нэгэн зэрэг интернэт үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Уг гудамжийг тохижуулахад ойролцоох байгууллагынхан дүүргээс гаргасан санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэн, орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гаднах талбайгаа цэцгээр гоёжээ.
Өдөр 15 цагийн үед очиход ресторан, кафе бүрийн гадаах ширээнүүдэд үйлчлүүлэгчид тухалж, зүүнтээх бичил цэцэрлэгт нь ахмадууд налайж байсан юм. Тэнд “Энд Улсын филармони байрлаж байлаа” гэсэн пайз бүхий, социализмын үед хөгжмийн тус хүрээлэн байрлаж байсан барилгын дүр бүхий хөшөө ч байх аж.
Нийслэл ийнхүү “Өглөөний гудамж” хоёртой боллоо. Эхнийх нь Жуулчны гудамжинд, олны нэрлэдгээр “Гутлын 22”-ынх.
Бэлтгэсэн Р.Жаргал