Төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болон олон улсын олимпиадад амжилттай оролцохыг дэмжиж, урамшуулах зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай хоёр зарлиг гаргажээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тамгын газрын дарга Я.Содбаатар “2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Төрийн тэргүүн мөрийн хөтөлбөртөө “21 дүгээр зууны Монголын ирээдүй-2100” оюутан үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд 330 сум, есөн дүүргийн 171 хорооноос элсэлтийн ерөнхий шалгалтын математик, гадаад хэлний хичээлээр хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээр курст суралцуулахын сацуу нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт хамруулах юм. Улмаар дараа жил нь хэлний шалгалтад тэнцэж, босго давсан 50 орчим хүүхдэд дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломж олгоно. Нэг жилийн бэлтгэлд хамрагдсан бусад хүүхдийг ч гадаадын их, дээд сургуульд суралцахад нь дэмжих зорилготой. Мөн олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзахдаа зарлиг гаргах тухайгаа хэлж байсан. Тодруулбал, дэлхийн чанартай олимпиадад онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг жил бүхэн урамшуулахаар зарлиг гаргалаа. Хүүхэд бүрийн оюуны чадавхыг сайжруулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх түвшинд хүргэхэд дээрх зарлигийн зорилго оршиж байна. Тэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол тэтгэлэг олгоно” хэмээн онцолсон.
Эдгээрийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хэрэгжүүлэхийг сайд Л.Энх-Амгалан хэллээ. Нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан тогтоох гэнэ. Тэтгэлэгт хамрагдан дэлхийн их дээд, сургуульд амжилттай суралцаж, төгссөн иргэдийг Монгол Улсдаа ирж ажиллах, ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг хууль, тогтоомжид тусган, зохион байгуулахыг зарлигт чиглэл болгосон байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гуравдугаар улиралд багтаан Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэх гэнэ. Үүнд жил бүр ойролцоогоор хоёр тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Тэтгэлгийн журмыг Засгийн газар батлах юм байна. Жил бүхэн 504 оюутныг шалгаруулах аж. Онцгой амжилт гаргасан хүүхдүүд, тэдний багш нарт энэ долоо хоногт зарлигийн дагуу энэ жилийн шагналыг нь гардуулах гэнэ. Мөн Монгол Улсад зохион байгуулж байгаа улсын олимпиадын ангилал, шатлал, цар хүрээг нэмэгдүүлж, олон улсынхтай уялдуулан хийх хуваарийг шинэчлэн батлахаар зарлигт тусгажээ. Түүнчлэн хүүхэд бүрт улсын хэмжээний олимпиадад оролцох боломжийг хангах үүднээс бүх сурагчийг бие даан суралцаж, бэлтгэх боломжоор хангасан нэгдсэн, цахим дэд бүтцийг хөгжүүлэх тухай ч дурдсан байна. Үүнээс гадна олон улсын олимпиадад сурагч бэлдэж буй багш нар болон зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг хангах, шаардлагатай техник хэрэгслээр дэмжин ажиллахаар заажээ.
Ташрамд дурдахад, манай улс 2021 онд гэхэд математикийн олон улсын олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, физикийн олимпиадаас хоёр хүрэл, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгө, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл, нийт 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ. Багийн амжилт тогтвортой өсөж, дэлхийн 107 орноос 11 дүгээр байрт орсон юм.