УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн есөн нам, нэг эвсэлд Сонгуулийн ерөнхий хороо Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийг хүргүүлжээ. Сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нь Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан Сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхөөс гадна ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж ажиллуулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй. Сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэлийг сонгуулийн төв байгууллагаас өгч байна. Боломжгүй тохиолдолд байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахыг сануулав.