О.Цогтгэрэл даргатай АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир, нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр, Б.Болор-Эрдэнэ нар өчигдөр мэдээлэл хийж, эрх баригчдын эхлүүлсэн үр ашиггүй хөрөнгө оруулалтуудаас нэрлэв. Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “Андлалын хөшөө рүү 200 сая төгрөгөөр эрчим хүчний шугам татсан ч нураасан. “Их хуралдай” цогцолбор барихаар 1.4, “Шихихутаг”, “Их засаг” цогцолборт хоёр, “Монголын нууц товчоо” цогцолборт 1.5, “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборт 1.5, Монголын далд уурхайн музейн бүтээн байгуулалтад 3.6 тэрбум төгрөгийн төсөв гаргасан ч одоо хүртэл ашиглалтад оруулаагүй. Соёлын салбарын эдгээр хөрөнгө оруулалтаас гадна дэд бүтцийн төслүүд ч бий. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам ашиглалтад орох хугацаанаасаа хоцорсон. Хотын захиргааны гэгдэх барилгын төсөв 97 тэрбум төгрөг. Баригдаж дуусаад хэдийн жил өнгөрсөн ч одоо эмнэлэг болгохоор ярьж байна. Гачуурт-Налайх чиглэлийн авто замыг барихад 104 тэрбум төгрөг төсөвлөсөн ч чанарын наад захын шаардлага хангадаггүй. 3.2 тэрбум төгрөгөөр барьсан усан оргилуур нь инженерийн шийдэлгүй. “Богдхан төмөр зам” төслийн шавыг тавьсан ч зураг төслийг нь ч бэлэн болгоогүй байх жишээтэй. Энэ бол Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуулийг угтсан шоу” гэлээ. Тэд эхний ээлжид ийн сануулаад, намрын чуулганаар гишүүдээрээ дамжуулан холбогдох асуудлаар асуулга тавих гэх мэтээр шат дараатай арга хэмжээ авахаа хэллээ.
Мөн тэрбээр нөхөн сонгуулийн тухайд “Манай нам оролцох, нэр дэвшүүлэх, эсэхийг бид бус, нөгөө талд намаа хуваачихаад байгаа С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж ч биш, эрх баригч нам, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэж байгаа. Тэдний зорилго нь Монголын улс төрд өрсөлдөгчгүй ноёрхох явдал. Сонгуулийн ерөнхий хороо АН-ын бусад нөхдийн баримт бичгийг хүлээн авснаар үүнийг ил болгосон. Үүний дараа тэд одоо эвлэрье, хамтаръя гэж уриалж байгаа нь зүгээр л цаас, жүжиг. С.Эрдэнэ нартай хамтран эрх баригчдын тавьсан жүжиг нөхөн сонгууль хүртэл үргэлжлэх нь. Гэхдээ би шүүхэд найдаж байгаа. Шаардлагатай хүсэлт, албан бичгээ өгсөн” гэв.
Бэлтгэсэн Б.Уран