Дарга нарын, шулуухан хэлбэл манай улсын удирдагчдын тэнэглэл барагдахгүй юм. Доль цохиж явдаг хэсэг нь дэвэргэж ч ханахгүй юм. Улсын баяр наадмыг олон нийтийн шахалтаар өнжсөн нэртэй ч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвууллаа. Бас хайрхнуудыг тахьсан. Энэ болгонд цар тахлын дэглэм зөрчигдөж байсан бөгөөд өдгөө “Ковид-19”-ийн халдвар дахин эрчимтэй тархаж эхлээд байна. Ялангуяа орон нутагт хоногт батлагдаж буй тохиолдлын тоо огцом нэмэгдэв. Энэ таагүй дүнг баяр, наадам, уралдаан, тахилгын үеэр цуглаж, нэг нь нөгөөдөө, нөгөөх нь нутгийнхандаа хүртээсэн, дарга нарын мунхаглалаас улбаатай “хишиг” хэмээхээс өөр юу гэх вэ.
Оюутнууд ирэх сарын 13-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Тэд орон нутгаас бөөн бөөнөөр нийслэлийг зорихдоо өнөөх “хишиг”-ийг “атга атгаар” нь хотынхонд авчирч түгээх байх. Гинжин хэлхээс цаашид хэсэгтээ үргэлжлэх нь гарцаагүй бөгөөд хаа хүрэх нь өнөө тодорхойгүй. Яагаад гэвэл манай дарга нар хэзээ ч, ямар ч алхам, үйлдэл хийж мэдэх тул тийм гэхийн багцаа байхгүй. Дарга нар дураар загнаж байхад болиулах, зогсоох арга, ухаан, зориг доорх албан тушаалтнуудад нь үгүй. Халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөх нь байна, ингэж болохгүй гэж хэн ч хэлдэггүй. Дээрээс чигтэй юу л байна, бүгдийг зөвшөөрч гарын үсэг зураад л, тамга дараад л, хэл ам гарах үед чимээгүй царайлан “Дуутай бороо холуур өнгөрөг” гэх лугаа адил сууж байдаг. Тийм бэртэгчин.
Иргэд нь хичээгээд байхад удирдагчид нь “Дээрээс уруу нь дарахын” үлгэрээр дэндүү овлигогүй тонгочиж байдаг ардчилсан гэх тодотголтой улс манайхаас өөр байдаг юм болов уу. Бидний бахархан дуурайх дуртай улс орнуудын удирдагчид цар тахлын халдвар тараах нь бүү хэл, ямар, ямар үйлдлээс болж огцордог, ард түмнээсээ уучлалт гуйдаг билээ дээ. Болохгүй бол олон нийт шаардаад огцруулчихдаг. Нийгэм нь тэгж хариуцлага хүлээлгэдэг.
Өнөө л гэхэд Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес асуудалд ороод буй. Тэрбээр цар тахлын үеийн дэглэм зөрчсөн хэрэгт орж магадгүй байгаа тухай мэдээлэл олон улсад дуулиан болж байна. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард буюу тус улсад хатуу хөл хорио тогтоогоод байсан үед гэргийнхээ төрсөн өдрийг арван хүн цуглуулж тэмдэглэжээ. Нэг дор олон хүн цуглуулсан, бүгд амны хаалтгүй байсан, хоорондын зай барилгүй баярлан цэнгэсэн гэж Ерөнхийлөгчийг буруутгаж буй юм. Тэр үеийн дүрс бичлэг хэдхэн хоногийн өмнө ил болсон бөгөөд Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн тул тус улсын Прокурорын газарт асуудлыг хэрхэх талаар хэлэлцэж эхэлжээ. Тус улсын шүүх, хяналтын байгууллага уг асуудалд хэрхэн хандаж, яаж шийдвэрлэхийг ард түмэн нь төдийгүй дэлхий даяараа харах нь.
“Айлын” улсын удирдагч арван хүн цуглуулаад хариуцлага тооцуулахдаа тулаад байхад манай дарга нар сум, аймаг, бүсээр нь хуйлруулан наадуулсан хэрнээ арга хэмжээ авахуу лах нь бүү хэл, харин ч наадамчид дунд нэр хүнд нь өсөж, аягүй бол сэм шагнуулсан ч байх магадлалтай. Энэ сарын дунд орчимд үлэмж буураад байсан коронавирусийн халдвар дахин хурдацтай тархаж, улмаар өссөөр ирэх сарын дундуур гэхэд оргил үедээ хүрэх урьдчилсан мэдээ гараад буйн шалтгааныг ийнхүү улсын Ерөнхийлөгчөөс авхуулаад Ерөнхий сайд, шат шатны дарга нар өөр өөрсдийн суудал дээрээ чадах чинээгээрээ тийчилсэнтэй холбож үзэхээс аргагүйд хүрч буй юм.
ДЭМБ-аас гаргасан “Улаан бүс” жагсаалтад өчигдрийн байдлаар 41 улс багтаж байсны нэг нэг нь манайх. Зарим улс уг жагсаалтаас гарч, зарим нь нэмэгдэж, мөн хасагдсан нь буцаж орж ирэх маягаар хөдөлгөөнтэй байхад манайх бол байр сууриа нэлээд хэдэн сараар хадгалж байгаа юм. Өмнө бичсэнчлэн саяхан сүйрэл болох шахаж байсан Энэтхэгт хоногт 800 гаруй, урд хөршид 30 орчим тохиолдол бүртгэгдэж байхад манайд 2400-тай байна. Гэсэн ч бид аанай л найр, наадам дундаа жаргасаар.
Дарга нар маань гайхаад барахгүй шийдвэрүүд гаргасан хэвээр. Хичээлийн шинэ жил эхлэхийн наана хотын ачаалал хэр байдаг билээ. Оволзож байдаг шүү дээ. Ийм оргил цагаар хоёр өдөр төв зам тас хааж байгаад эцэг, эхчүүд, хүүхдүүдийг баясгахыг ухаалаг алхам гэх үү. Залуус тэврэлдэж, бүр үнсэлцэж ч байлаа. Харсан хүн олон болов уу. Дарга нарын энэ мэт тэнэглэлийг дурдаж баршгүй.
Бүх шатны сургуулийн хичээлийг танхим болон цахимаар хослуулсан сургалтаар эхлүүлэх гэж байна. Эхлүүлэхгүй гээд ч яах юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид таван өдөр танхимаар, есэн өдөр цахимаар хичээллэнэ гэж буй. Гэтэл цар тахлын халдвар ихсээд ирмэгц БШУЯ-наас эцэг, эхчүүд хэрвээ хүсвэл хүүхдээ танхимаар хичээллүүлэхгүй, өөрөөр хэлбэл сургуульд нь явуулахгүй байж болно гэж мэдэгдсэн. Сургалтын нэгж байгууллага болох сургуулиудад сургалтын менежер гэдэг хүн шинэ нөхцөл байдалд уялдуулан удирдамжийн дагуу хичээлийн хуваарийг хийсэн байж таарна. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ хуваарьт өдөр нь сургуульд нь явуулахгүй гэвэл яах вэ. Багш танхимд хүлээгээд байхад сурагч очихгүй, хичээлээ цахимаар авъя гээд сууж байх бололтой юм. Ийм үед яах вэ. Зохицуулалт байна уу. Энэ мэтийн ойлголтын зөрүүтэй асуудал мундахгүй. Нэг гараар бичиж гаргасан шийдвэрээ нөгөө гараараа хээвнэг үгүйсгэж орхидог нь манай л дарга нарын араншин. Хэрвээ хаана, хаанаа дэглэм сайн баримтлаад, хариуцлагатай байсан сан бол өдийд ингээд жонхуураад сууж байхгүй байлаа.
Бүхэл бүтэн улсын бүхий л шатны сургалтын байгууллага хичээлээ хэрхэн явуулахаа мэдэхээ байх түвшинд хүртэл халдвар дахин тархаж эхэлсэнд дарга нарын зэрэгцээ их, дээд сургуулийн багш нарын оруулж буй “хувь нэмэр” ч их бололтой. Манай улсын их, дээд сургуулийн багш нарын 60 хувь нь л вакцинд хамрагд сан аж. Ямар ухамсаргүй нь дархлаажуулалтаас зугатна вэ хэмээн хэн, хүнгүй эрж сурдаг байв. Гэтэл өнөөх нэртэй, нүүртэй эрдэмтэн, мэргэ дийн тал хувь нь шахам өнөө хэр хойш суусаар аж. Гадаад хэл боломжийн түвшинд эзэмшсэн байх нь олон тул мэдээллийг эх сурвалжаас нь авчихдаг байж болох юм. Тэд “Энэ бол хор” гэсэн ойлголттой бололтой. Мөн хүн амын 60-65 хувь нь вакцин хийлгэчихвэл сүргийн ч гэж ярих, нийтийн дархлаа тогтоно гэж тооцоолоод, өөрсдөө уснаас хуурай гарах гээд үзээд байгаа юм уу даа. Ёстой өнөөх “Би үхэхээр чи үх” гэдэг нь энэ буй за. Хувиа бодсон арчаагүй хүмүүсийн арга ядсан чарга ч гэхээр. Багш нар өөрсдөө вакцин хийлгэхгүй байгаачлан насанд хүрсэн хүүхдүүддээ ч зөвшөөрөхгүй байгаа биз. Ийм үзэл, хандлагатай багш нар түмний хүүхдэд дээд боловсрол олгох гэж хичээл заах нь харамсалтай. Боловсрол гэдэг нь шинжлэх ухааны зах зухтай танилцахаас гадна хүн байх ухаанд суралцахын нэр. Тийм атал хичээл заах багш нарынх нь ухамсар, ёс суртахуун ийм дорой.
Эрхбиш БШУЯ-наас их, дээд сургуулийн багш нарт вакцинд хамрагдах шаардлага тавьж буй юм билээ. Хэрвээ эсэргүүцвэл лав төрийн өмчийн сургуулиудад хичээл заалгахгүй гэсэн чигтэй байгаа аж. Асуудал үүнд тулж ирэхэд буюу ажлын байр, цалин хөлстэй нь холбогдоод ирэхээр өнөөх өөрсдийгөө бөөцийлдөг зангаараа дуу дуугаа авалцан очиж тариулна л даа. Ийм үед суу билэгт соён гэгээрүүлэгч Данзан равжаа юу гэж шүлэглэн шоглох байсан бол.
Дарга нарын, дээрээс нь эрдэмтэд хэмээн хүндэлдэг их, дээд сургуулийн багш нарын тэнэглэл, мунхаглал лавшрах тусам коронавирусийн халдвар улам батжиж, бөхжих янзтай.