Үндэсний технологийн компани болох "Сим Бионикс" ХХК нь хүн бүр ижил тэгш эрхтэй, тэр тусмаа хүүхдүүдэд суралцах, бие даан амьдрах эрхийг олгох хүсэлтэй. Тиймээс тэдний нийгмийн оролцоог хангахад технологиор дэмжлэг үзүүлэхээр “Энгийн мөрөөдөл” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Бүтээгдэхүүний дээжээс 500 хүүхдэд бэлэглэнэ. Цаашдаа гадаадад өндөр өртөгтэй үйлдвэрлэдэг хиймэл эрхтэн тэр дундаа хиймэл гар, сарвууг технологийн хөгжүүлэлтээр Монголдоо хямд үнэтэй үйлдвэрлэж дотоод болон гадаад зах зээл дээр манлайлан ажиллах хүсэлтэй аж.
Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төслийн зорилго болоод системийн ажиллагааны туршилттай танилцав. Төслийн хүрээнд гадаадад өндөр өртөгтэй үйлдвэрлэдэг хиймэл эрхтэн тэр дундаа хиймэл гар, сарвууг технологийн хөгжүүлэлтээр монголдоо хямд үнэтэй үйлдвэрлэж хүүхдүүдийг тэгш боломжоор хангахаар зорьж буй. Одоогоор таван хүүхдэд хиймэл гар хийж өгсөн бөгөөд цаашид 500 гаруй хүүхдэд хийж өгөхөөр загвар, системийн хөгжүүлэлтээ сайжруулж байгааг "Сим Бионикс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тулга дурдлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ үеэр Үндэсний компаниуд дэлхийн мэдээллийн технологийн салбарт өрсөлдөхүйц болж, чадавхжиж буйг харуулсан төдийгүй манай улсын хувьд нийгмийн хамгаалал чиглэлд хийгдэж буй үнэт хөрөнгө оруулалт болохыг онцлов.