Хөл хорионд хоёр жил орчим хашигдан, гадуур чөлөөтэй явж, зугаалаагүй удан, “цангасан” иргэдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “бэлэг” барьж, өдөрлөг зохион байгууллаа. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлан, хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа дэлгэв. Улсын их дэлгүүрийн өмнөх болон Сүхбаатарын талбайг эс тооцвол автомашингүй бүсэд зайрмагны мухлагууд байрлуулж, ширээ тавин гоёл чимэглэл, нүдний шил зэргийг худалдах хүн цөөнгүй зогсжээ. Унадаг дугуй, цахилгаан болон дугуйт тэшүүртэй хүүхэд, залуучууд мөргөлдөх шахам тааваараа зорчих аж. Хүүхдүүдээ тэвэрсэн, хөтөлсөн эцэг, эхчүүд, хөгшчүүд, залуус гээд нийслэлчүүд бүгд шахам гудамжинд гарсан мэт, зам дагуу алхацгаан, зургаа авхуулж, зугаалж байлаа. Улсын их дэлгүүрийн өмнө хэв журам сахиулж байсан цагдаагаас иргэдэд ямар шаардлага тавьж буйг асуухад “Амны хаалтаа зүүхийг хэд хэдэн хүнд санууллаа. Ихэнхдээ гэр бүлээрээ, анги, хамт олноороо явцгаан, бараа, бүтээгдэхүүн авахаар дугаарлаж, зарим нь амны хаалтаа доошлуулжээ” гэв. Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулахаар ирсэн Г.Ариунцэцэг “Сурагч хоёр охиндоо нэг дороос шаардлагатай зүйлсийг нь худал дан авсан. Үзэсгэлэн худалдаанд юмны үнэ өндөр байна. Үзэг, балны нэг сав гэхэд 30 000-40 000, нэг ширхэг үзгэн бал 10 000 төгрөг гэнэ. Ер нь бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ” гэлээ.
Сүхбаатарын талбай дахь асруудад сурагчийн дүрэмт болон бусад хувцас, хичээлийн хэрэгслийг борлуулахын зэрэгцээ хүнсний сүлжээ дэлгүүр, хоолны газрууд бүтээгдэхүүнээ зарж, үйлчлүүлэгч олонтой, худалдагчид нь завгүй байсан. Бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн уулзварт өсгөгч байрлуулж, хөгжим тавьж, залуус бүжиглэж, үлгэрийн баатрын хувцас өмссөн охидтой зургаа авхуулах тавцан зэхсэнийг харж зогссон долоон настай гэмээр хүү “Ээж ээ хүүхдийн баяр болж байгаа юм уу, хөөсөн чихэр авъя” гэж чанга ярих нь содон сонсогдов. Эрэлт, нийлүүлэлт нь байгаад үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үйлдвэрлэгчид болон үйлчүүлэгчдийг нэг дор цуглуулжээ. Гэсэн ч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ он дуустал сунган, коронавирусээр өвчлөгчдийн тоо өдөрт 2000 давсан энэ үед хаана, хаанаа сэрэмжтэй байх атал төв гудамж дүүрэн хүн цуглуулан, баяр наадам болж буй мэт нөхцөл үүсгэсэн нь зөв үйлдэл мөн үү.