Эгэл даруухан атлаа үзэгчдэд эчнээ танигдаж, олны хүндлэл хүлээсэн нэгэн эрхмийн тухай “Дурсахуй” буландаа өгүүлэх гэж байна. Тэр хүн бол Монголын тайз, дэлгэцийн урлагт 50 шахам жил авьяас, билгээ зориулсан Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий юм.
ЭРХ ЖААЛ
Ч.Алтан-Өлзий 1950 оны тавдугаар сарын 28-нд Завхан аймгийн Сантмаргац сумын нутаг, Өлзий толгой гэдэг газарт төржээ. Тэрбээр долоон хүүхэдтэй айлын дундах нь. Хоёр эгч, дөрвөн эрэгтэй дүүтэй хэдий ч эцгийнхээ голомт залгаж төрсөн ууган хүү учраас нэлээд танхи өссөн аж. Ч.Алтан-Өлзийг бага байхад тэднийх нийслэлд нүүж иржээ. Хүүгээ аав, ээж нь тэмээний хажуу бөөрөнд байрлуулсан арагт хийж замын уртыг туулсан гэдэг. “Нэг тийшээ харж хэвтсээр байгаад өрөөсөн шанаа нь наранд түлэгдээд борлочихсон, хоёр өөр “нүүртэй” хотод ирсэн гэж манай хөгшчүүд дурсдаг” хэмээн тэрбээр өгүүлж байлаа.
Сургуульд ороод тэрбээр “юм юм”-ны захтай, ялангуяа спортод адтай хүү болов. Волейбол, хөлбөмбөг, өндрийн харайлт, гүйлт гээд хаана л спортын тэмцээн болно тэнд Ч.Алтан-Өлзий явдаг байлаа. Ахлах ангиасаа урлагт улам хорхойсож, жүжигчин болохыг мөрөөддөг болжээ. Түүнийг урлагт хөтөлсөн хүмүүс нь Төрийн шагналт, зохиолч Л.Ванган, Ардын жүжигчин Л.Нацаг буюу түүний авга ах нар байв. Тэрбээр “Л.Ванган ахынхаа зохиолд тоглох боломж надад бүр сүүлд олдсон. Завхан аймгийн Түдэвтэй сумын 70 жилийн ойгоор “Эмч нар” жүжгийг найруулж, бас гол дүрд нь тоглосон минь санаанаас ер гардаггүй. Бахархалтай, аз завшаантай санагддаг” хэмээж байв.
ТАЙЗ ЗАСАЛЧ БОЛОВ
1960-аад оны сүүлчээр Улсын драмын театрыг шинэ залуу боловсон хүчнээр сэлбэх бодлого явуулж, авьяастай залуусын эрэлд гарав. Тэр үед дунд сургууль дөнгөж төгссөн Ч.Алтан-Өлзий “Улсын драмын театрт жүжигчин шалгаруулж авна” гэсэн зарыг хараад мэргэжлийн сургуулийг нь дүүргээгүй ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн очоод тэнцэв. Ингэж тэрбээр 1967 оноос тус театрт тайз засалчаар ажиллаж эхэлжээ. Тэнд хэсэг ажиллаад цэргийн албанд мордож, эргээд театртаа ирсэн аж. Эргэж ирээд урлаг судлаач Хо.Нацагдоржид “Багш аа, би жүжигчин л болмоор байна” гэж зориг гарган хэлсэн аж. Тэр үед багш нь “Театр бол сүм. Тайз гэдэг бол шүтээн” гэж хэлснийг тэрбээр насан туршдаа санаж, бодож явсан гэдэг. Мөн тэрбээр “Алтан үеийнхнийг харж, тэдэнтэй ажиллаж байсан нь жүжигчин болоход минь их нөлөөлсөн” хэмээн дурссан байдаг. Бас Э.Оюун багшийнхаа “Жүжигчин бол хүн судлалын ажил” гэснийг хэзээ ч мартаагүй Ч.Алтан-Өлзий 1973 онд Д.Мягмарын “Нандин-Эрдэнэ” жүжгийн сурагч хүүгийн дүрээр тайзан дээр анх гарав. Түүнээс хойш тайзны 120 гаруй уран бүтээлд гол болон туслах дүр “урласан” юм. ДАШТ-ий мөнгөн медальт, чөлөөт бөхийн тамирчин Д.Сэрээтэр түүнийг Ч.Чимэдийн “Арын албаныхан” жүжгийн Борбандийнх нь дүрээр дууддаг байсан гэдэг. Үзэгчдэд түүний бүтээсэн дүрүүд ингэж л хүрдэг байжээ. “Үндэсний болон сонгодог, эмгэнэлт бөгөөд инээдмийн ямар ч жүжгийн аль ч дүрд тоглох чадвартай, түүний тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршдог” хэмээн судлаачид түүнийг үнэлдэг.
“ГАЖИГ” ГАРМААД ХУВИРСАН НЬ
Түүний дэлгэцийн уран бүтээлд үлдээсэн дүрүүдээс үзэгчдийн хамгийн сайн мэдэх нь “Өнөр бүл” киноны “гажиг” Гармаа. Тэрбээр “1979 онд “Үүрийн цолмон” кинонд тоглосон юм. Киноны зургаа авхуулж дөнгөж дуусаад байтал “Монгол кино” үйлдвэрт Д.Жигжид гуайтай таарав. “Өрөөнд ороод ирээрэй” гэдэг юм байна. Очтол “Орчин үеийн ажилчин ангийн төлөөлөл болсон залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх кино хийх гэж байгаа. Гол дүрдээ 40 гаруй залууг шалгалаа. Тохирох хүн олдсонгүй. Чи л болох юм шиг харагдаад байна” гэв. Тэгээд найруулагчийнхаа заавраар л тоглосон доо. Залуу, туршлагагүй байсан болохоор дүрийн судалгаа хийж, “нухна” гэж мэдэхгүй явсан үе. Одоо эргээд харахад “Ээ чааваас даа” гэмээр л санагддаг” хэмээн хуучилж байв. “Өнөр бүл”-ийн зургийн ажлыг 1979 оны арваннэгдүгээр сард, Гармаагийн амралтын газарт согтуу ирдэг хэсгээр эхэлж байжээ. Үзэгчид түүний эл дүрд онц дүн тавьсан бол кино судлаач, шүүмжлэгчдийн нэг хэсэг нь магтаж, нөгөө нь хацрыг нь улайтал хэлж байсан гэдэг. Харин тэрбээр “Шүүмжлэл хүнд ус, агаар шиг хэрэгтэй” хэмээн алдаа, оноогоо дэнсэлдэг уран бүтээлч байлаа. Ч.Алтан-Өлзий “Эргэж бодох бодол”, “Санаж яваарай”, “Зарлаагүй дайны оршил”, “Ацаг шүдний зөрөө”, “Ирэх хаврын цэцэг”, “Найрын ширээний ууц” гэхчлэн дэлгэцийн 60-аад бүтээлд дүрээ мөнхөлсөн юм.
ӨРХИЙН ТЭРГҮҮН
1982 онд “Сахиул уу, сахиус уу” киноны зургийн ажлын үеэр Ч.Алтан-Өлзий ирээдүйн гэргий Г.Нансалтайгаа танилцжээ. Тухайн үед Г.Нансал Монголын радиод редактор, найруулагч байв. Ингээд удалгүй III хорооллын 33 дугаар байранд айлын хажуу өрөөнд гал голомтоо бадраажээ. Ч.Алтан-Өлзийгийнх хоёр хүүтэй. Хөвгүүдээ мэндлэхэд аав нь ажил ихтэй, завгүй таарч. Бага хүүгээ мэндлэхэд тэрбээр найруулагч Г.Доржсамбууг дагуулчихсан I төрөх эмнэлгийн цонхон доор шүгэлдэж, дороо дэвхцэж зогссон гэдэг. Тэднийг харсан эмнэлгийн хүүхнүүд “Арслан, Гармаа хоёр ирчихэж” хэмээн шуугилдаж, кино үзэж буй мэт сониучирхаж байсан гэдэг.
МӨРӨӨДӨЛ АЛСАРЧЭЭ
Ч.Алтан-Өлзий “Дүр бүтээнэ гэдэг амаргүй ажил. Их л хөдөлмөрлөсний үр дүнд сайн дүр бүтээнэ. Би дүрүүддээ хүүхдүүд шигээ хайртай” хэмээн ярьсан байдаг. Түүний Монголын тайз, дэлгэцийн урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлүүдийг 2002 онд төрөөс үнэлж Гавьяат жүжигчин цол олгосон юм. Гавьяаныхаа амралтыг эдэлж суухдаа тэрбээр “Ганцаараа гэртээ байхдаа уйлмаар, хашхирмаар санагддаг. Олон хүнтэй бужигнаж байсан хүн гэрт суухаар эвгүй юм билээ. Хүнд хүсэл мөрөөдөл, зорилго заавал байх ёстой. Би бууц ханхалсан, сумын төв ховорхон ордог, бүр малын төлөө амьдралаа зориулсан хөдөөгийн хөх өвгөнд тоглоод үхэх юм сан гэж боддог. Нүд минь аягандаа хөдөлж байгаа цагт би жүжиглэсээр байх болно. Авьяас өвддөггүй, өтөлдөггүй юм” хэмээж байв. Харин 2014 онд тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” жүжигт тоглож, театрынхаа тайзан дээр дахин гарсан юм. Тэр үедээ “Бие хөнгөрч, дотор уужрах шиг л боллоо. Тайзан дээр анх гарч байсан үе шигээ догдолсон” хэмээсэн юм. Тэрбээр туулсан амьдрал, уран бүтээлийнхээ талаар ном бичихийг хүсэж байсан ч амжилгүй 2017 онд “буцсан”. Ч.Алтан-Өлзий “Би төрмөл авьяас гэдэг үгтэй санал нийлдэггүй. Миний бодлоор авьяас бол мэдрэмж. Уран бүтээлч хүн уйгагүй хөдөлмөрлөж мэдрэмжээ хөглөж, өнгөлж байх хэрэгтэй. Залхуурч болохгүй” хэмээдэг, урлагийг, мэргэжлээ хайрлаж хүндэлдэг эрхэм байлаа.
Бэлтгэсэн А.Тайшир