Хөдөө орон нутагт халдварт өвчнөөр өвдсөн иргэд хотод ирж эмчлүүлэхээс өөр сонголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнөөр өвдсөн иргэд Улаанбаатар хотод ирж ХСҮТ-д эмчлүүлэхээс өөр аргагүй. Учир нь орон нутагт хавдарт өвчний нарийн эмч байхгүй болон мэс заслын эмч дутмаг байгаатай шууд холбоотой юм. Ийнхүү ХСҮТ-ийн хорт хавдрын үйлчилгээний бөөгнөрлийг саармагжуулах эхний алхамыг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг хийжээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг хорт хавдрыг эрт илрүүлэх төвтэй болж, хавдрын бүх төрлийн үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг болох зорилготой ажиллаж байгаа аж. Тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон ХСҮТ хамтын гэрээ байгуулсны үндсэн дээр ХСҮТ-ийн мэс заслын эмч Б.Түвшин тус аймагт гэр бүлийн хамт ажиллаж, амьдрахаар өнөөдөр тус аймгийг зорьж буй. Түүнээс хөдөө орон нутагт ажиллах болсонтой нь холбоотойгоор тодруулга мэдээлэл авах гэсэн боловч эмчилгээний тодорхой үр дүнд хүрсний дараагаар мэдээлэл өгье гэдгээ бидэнд учирлав. Харин Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргалаас тус аймгийн халдварын нөхцөл байдал болон тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл аймаг ходоод, улаан хоолой, элэгний хавдрын тохиолдлоор улсад дээгүүр бүртгэгдэж байна. 2020 оны байдлаар Хөвсгөл аймгаас ХСҮТ-д ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээг хамгийн их авсан гэх тоон мэдээлэл бий. Мөн иргэд Улаанбаатар хот руу явж эмчилгээ, үйлчилгээ бүрэн авч чадалгүй, хожуу оношлогдож, хүндрэх тохиолдол элбэг байна. Үүнийг шийдэхийн тулд ХСҮТ-тэй хамтын гэрээ байгуулж, ХСҮТ-ийн мэс заслын эмч Б.Түвшин бидний саналыг баяртайгаар хүлээн авч, манай аймагт ирж ажиллаж, амьдрахаар болсонд үнэхээр баяртай байна. Энэ оноос эхлэн Хавдрын мэс заслын үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг болох зорилго тавин ийнхүү ажиллаж байна. Эхний ээлжинд ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслыг орон нутагтаа хийдэг болох шийдвэрийг гарган ХСҮТ-ийн мэс заслын эмч Б.Түвшинтэй зургаан сар хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Цаашид бид элэг болон эмэгтэйчүүдийн хавдрын эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа иргэдэд хүртээмжтэй үзүүлдэг болох тал дээр хичээнгүйлэн ажиллана. Мөн хавдрын хими эмчилгээ болон бусад төрлийн хавдарт өвчний бүх төрлийн үйлчилгээг аймагтаа үзүүлдэг болох том зорилготойгоор хавдрын мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг авах гэрээг хийсэн” гэлээ.