Нас гүйцсэн алимын модноос 70 хүртэлх жил ургац авах тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Мэдээж залуужуулах, танах тайралтыг тогтмол хийн тордсоноор ийм урт хугацаанд өгөөжийг нь хүртэх боломжтой. Нэг модноос жил бүр 35-40 кг алим хураах бөгөөд манай улсад Сэлэнгийн Шаамар, Халхын гол болон Ховд аймгийн Булган сумд “Папировка”, “Славянка”, “Грушовка”, “Московская” зэрэг сортын торниун алимын модноос жилд 60-120 кг ургац хураасан туршлага бийг Ховдын Булган сумын тариаланч Х.Балжинням дурдав. Тэрбээр “Одоогоор манай сумын 10 гаруй иргэн, жижиг аж ахуйн нэгж нийт 20 орчим га газарт торниун болон давжаа алим, ранитка, чацаргана, жимс тарьдаг. Бид жилд 50 орчим тонн ургац хураан, сум, аймгийн төвийнхний хэрэгцээнд нийлүүлдэг. Ховдын Булганы алим, чавга амт, чанараар гайхагдан, иргэдэд танигдсан учраас эрэлт ихтэй. Ургац хураамагц худалдан авах хүн олон тул борлуулахад бэрхшээл гардаггүй. Улсын хэмжээнд торниун болон давжаа алим тариалж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий. Импортоор БНХАУ, ОХУ-аас хямд үнэтэй алим аваад идэж болж байхад тарих шаардлага байна уу гэж асуух хүн цөөнгүй. Хамгийн гол нь манай газар нутаг үржил шимтэй, олон жилийн өмнөөс тарьж, нутагшуулсан алимын сортуудтай тул бэрхшээл бага. Ялангуяа алим нь олон төрлийн аминдэмээр баялаг учраас эмчилгээ, сувилгааны ч ач холбогдолтой. Мөн мод нь сүрлэг, үндэс сайтай, хөрсний ус чийгийг арвижуулан, элэгдлээс хамгаалдаг нь тухайн орчныг цэцэрлэгжүүлж, ногоон байгууламжийн хэмжээг тэлэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Нас гүйцсэн алимын модноос олон арван жил ургац авч болдог нь өрхийн болон аж ахуйн нэгжийн эдийн засагт өгөөжтэй” хэмээн ярив. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны иргэн Б.Бямбасүрэн хашаандаа алимын зургаан мод тариад 12 жил болж, ургац аваад дөрвөн жил өнгөрчээ. Тэрбээр “Хашааныхаа зай талбайнаас шалтгаалж тав, зургаагаас олон мод тарьж чадаагүй. Хамгийн гол нь том сүрлэг мод тарьж хашаагаа чимэх зорилго агуулж, уйгагүй тордсон. Дөрвөн жилд, зургаан модноос хоёр удаа, нийт 100 гаруй кг алим хураан авсан. Алим нэг жил ургаад дараа жил нь ургахгүй байх тохиолдол байдаг. Хураасан алимаа өрхийн хэрэгцээндээ л зориулсан. Маш амтлаг, том алим ургасан, хөрш айлууд манайхаас үлгэр авч алимын мод тарьсан байна билээ. Нэмж хэлэхэд, манай оронд бууц, шувууны сангас элбэг учраас газар л байвал том, жижиг талбайд тариалан эрхлэхэд хялбар, сайн бордоотой гэсэн үг” гэлээ.
Жимс, жимсгэнийн салбарт ахиц гарч, төрөл бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж буйг Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбооныхон (МЖЖҮХ) тэмдэглэв. Одоогоор улсын хэмжээнд Сэлэнгэ, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь аймагт давжаа болон торниун алимыг бага хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд тарьж буй бөгөөд жил ирэх бүр ургацын хэмжээ өсөж байгаа гэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэй, дээрх холбооны оролцоотойгоор иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр жимсний бут, суулгац болон мэргэжлийн зөвлөгөө өгсөн аж. Өнгөрсөн онд манай улсад 500 гаруй аж ахуйн нэгж, 5000 орчим иргэн 6000 га талбайд жимс, жимсгэнэ тариалж 2500 гаруй тонн ургац хураан авчээ. Энэ нь нийт хүн амд шаардлагатай жимсний 1.5 орчим хувийг л нийлүүлсэн (насанд хүрсэн хүн хоногт 95-120 грамм жимс идэх шаардлагатайг ДЭМБ-аас тооцоолсон) дүн юм. Сүүлийн таван жилд жимсний талбайг 460 га-гаар, хураасан ургацын хэмжээг 45 тонноор нэмэгдүүлжээ. Одоогоор жимс, жимсгэнэ тариалсан нийт талбайн 6000 гаруй га-д буюу 93 хувьд нь чацаргана, 4.6 хувьд нь үхрийн нүд, 3.2 хувьд нь алим, чавга, бөөрөлзгөнө зэргийг тарьж буй аж. Ер нь манай улсад тариалж буй яст, үрт жимс, жимсгэнийн эзлэх хувь туйлын бага байгаа нь эрс тэс, хүйтэн, хуурай цаг уур болон жимс жимсгэнийн суулгацын дотоодын хангамж хүрэлцээ бага, туршлага, ур чадвар дутмаг, санхүүгийн нөөц боломж хомс байгаатай холбоотойг МЖЖҮХ-ныхон дурдсан. Тухайлбал, алимын модыг үрээр үржүүлэхгүй, зарим тохиолдолд өрөлийн (нэг төрлийн жимсний мод) гурван настай суулгацад алимын модны нахиа залгах, эсвэл багадаа хоёр жил болсон үрсэлгээг дахин 2-3 жил бойжуулж байж талбайд суулгадаг аж. Ийнхүү таван жил бэлдсэн суулгацаар алим тарьж эхэлдэг гэсэн үг. Талбайд суулгасан модоо арчилж тордсоор 2-3 жилийн дараагаас ургац авах бөгөөд 8-10 жилийн дараа алимын мод нас гүйцдэг юм байна.
Бүх төрлийн жимснээс дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэгдэн, борлуулалтаар дээгүүрт ордог нь алим аж. Учир нь хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа урт, амархан мууддаггүй, аминдэмээр баялаг, үнэ нь хямд тул хэрэглэгчид сонгох шалтгаан болдог гэнэ. Манай улсын хувьд ч хамгийн их хэмжээгээр импортолдог жимсэнд алим багтдаг аж. Тухайлбал, 2019 онд 12 000 орчим тонн алим, лийр худалдан авахад 10.3 сая ам.доллар зарцуулсан бол өнгөрсөн жил 9000 тонныг авахад 7.7 сая “ногоон” төлснийг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байв. Гадаад худалдааны тайланд алим, лийр хэмээн хамтад нь тэмдэглэсэн ч дийлэнх нь алим бөгөөд сүүлийн 10 жилд хамгийн их хэмжээгээр худалдан авсан жимсний нэгдүгээрт багтжээ. Тэгвэл манай улсад 5000 га талбайд гурван сая алимын мод тарин, 20 жилийн дотор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тооцоог тариаланчид, аж ахуйн нэгжүүд гаргажээ. Ядаж хашаатай өрх бүр багадаа 10 алимын мод тарин, 10 жил болоход тогтмол ургац авах төгөлтэй болж, орчны бохирдлоо бууруулж, агаарын чанарыг сайжруулах боломж бүрдэх нь. Ташрамд дурдахад, алим тарихад хамгийн чухал нь арчилгаа бөгөөд суулгацаа нарны гэрэл удаан тусах орчинд тарьж, сайн усалж, аль болох дааруулахгүй байлгах хэрэгтэй аж. Гурван жил бойжуулсан алимын суулгац энэ сарын байдлаар 30 000-40 000 төгрөгийн үнэтэй байна.