Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо хоногт 2000-аас дээш бүртгэгдээд зургаа дахь өдөртэйгөө золголоо. Энэ сарын 28-29-нд гэхэд батлагдсан нийт тохиолдол 2414 байлаа. Шинжилгээ хийлгэсэн хүмүүсээс илэрсэн нь энэ. Гэтэл өвчний шинж тэмдэг илэрсэн ч түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхгүй, улмаар эмчид хандахгүй, эл өвчнөөр өвдөөд эдгэрсэн гэх найз нөхөд, ах дүүгийнхээ хэлсэн “жор”-оор гарч эм авч уухын сацуу ажлаа хийгээд, айл хэсээд яваа нь захаас авхуулаад байна. Тэгэхээр ЭМЯ-аас мэдээлж буй хоногт батлагдсан тохиолдлын тоо гэх энэ үзүүлэлтийг бодит гэж үзэхэд эргэлзээтэй мэт.
Орон нутагт халдварын тархалт нь илүү байгаа нь анхаарал татаж буй. Мөн энэ сарын 28-29-ний мэдээгээр аймгуудад бүртгэгдсэн тохиолдлын тоо 1796 байгаа нь өмнөх өдрүүдийнхээс өссөн дүн. Хамгийн их тархсан нь Дорнод аймаг бөгөөд хоногт 387 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь хойд хөршийн нийслэл, 11 сая гаруй хүн амтай Москвад тухайн хугацаанд 1498 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй харьцуулахад уулга алдахаар өндөр үзүүлэлт. Гэсэн анхаарал тавьж буй хүн алга гэхээр байна, бид.
Оюутнууд нийслэлийг зорин ирж байна. Тэгэхээр халдвар тээгчдийн урсгал Улаанбаатарыг чиглэлээ гэж үзнэ. Манай улсад “Ковид-19”-ийн нөхцөл байдал ийм байгаа бөгөөд УОК, ЭМЯ-ны зүгээс ямар нэгэн онцгой арга хэмжээ авахгүй, хоногт халдвар авсан, эдгэрсэн, нас барсан талаарх статисктик мэдээллийг сайтууддаа тавих төдийгөөр ажиллаж байх шиг. Зурагтаар тогтмол явуулдаг анхааруулгадаа “Халдварын тархалт буурахгүй байгаа тул хүүхэд, хөгшид гэрээсээ гарахгүй байхыг хичээгээрэй” гэх утгатай мэдээлэл түгээдэг. Тэгсэн хэрнээ бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг нөгөөдрөөс эхлүүлэх гэж байдаг. Эрдэмтэн судлаачид “Шинэ давлагаа ирэх сарын 15-16-ны хавьд өндөр авна” гэж мэдэгдсэн. “Ковид-19”-ийн талаарх төрийн бодлого, зорилгын зөрүүтэй нөхцөл байдалд 2021-2022 оны хичээлийн жилийг танхимын болон цахим хосолсон сургалтаар эхлүүлэх гэж байна. Хүний, ялангуяа хүүхэд төвтэй бөөгнөрөл ихэснэ.
Халдварын тархалт ирэх сарын эхний 14 хоногт хэрхэн газар авах бол. Эрхбиш УОК, ЭМЯ нөхцөл байдал улам муудахад яаралтай хариу арга хэмжээ авах бэлтгэл хангаж, юу хийхээ эртнээс төлөвлөж байгаа гэж найдахаас. Одоогоор лав мэдэгдсэн юм алга. Олон нийт бол “Сүх далайтал үхэр амгалан” гэгчээр налайж байна.
Бэлтгэсэн Р.Жаргал