Монгол Улсад харааны бэрхшээлтэй 11 мянган хүн бий. Тэдний 1200 нь хүүхэд. Харааны бэрхшээлтэй иргэдийн сурч хөгжих эрхийг хангаж, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх бас нэг гарцыг нээсэн байна. Тодруулбал, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүс Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны үйл ажиллагаатай танилцжээ. Улмаар тус холбооны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг ярилцаж, төрөөс олгодог хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг боломжит шийдлийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхээр болов. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгоход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Энэ бүхнийг нийгмийн хамгааллын болон боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан шийдэх аж.