Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэгтэй, Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт хуралдав. Хуралдаанд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, гишүүн Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар оролцлоо. Мөн дэд ажлын хэсгийн гишүүд болох Эрүүл мэндийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс байлцав. Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг баталгаатай, чанартай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнээр хангах, үнийг нь зохицуулах зэрэг тулгамдаж буй олон асуудлыг зохицуулах зорилгоор тус хуулийн төслийг батлах гэж байгаа. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эмийн үнэ өндөр байгаа нь айл өрхийн орлогод хүндээр тусаж байна. Чанар нь ч Япон, БНСУ гэх зэрэг ойрын оронтой харьцуулахад хангалтгүй. БНСУ-ын туршлагаас харахад зонхилж буй өвчний талаарх судалгаа гарган, шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг гаргадаг юм байна” гэв. Уг төслийг Засгийн газраас 2019 онд өргөн мэдүүлсэн юм. Эмийн тухай хуулийг 1998 онд анх баталж, 2006 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгон өөрчилсөн бөгөөд 2010 онд шинэчилсэн аж.