Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааны үеэр иргэд зааланд багтахгүй, зарим нь бүгчимдэж, нэг хүн таталт өгч, ухаан алдсан аж. Тодорхой хэлбэл, тус шүүхэд өнөөдөр "Нарны хүү сарны охин" компанийн удирдлага Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар бусдаас байрны урьдчилгаа төлбөр авсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, 456 иргэнд 8.644.301.580 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүн хэлэлцэх товтой байв. Уг хэргийг шүүн хэлэлцэх үеэр дээрх иргэн ухаан алджээ. Дээрх нөхцөл байдлын улмаас ухаан алдсан иргэнийг түргэн тусламж дуудан, эмнэлэгт хүргэн, улмаар Д.Гүрсоронз нарын шүүх хурлыг хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн бололтой.
Мөн шинжээч Д.Мөнхцэцэг, Д.Баяраа, Г.Чинтуяа, С.Наранцэцэг нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, шүүгдэгч Б.Гүрсоронз дахин 2 өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах хүсэлт гаргасан гэнэ. Хэргийн оролцогч нар шинжээчдийг шүүх хуралд зайлшгүй оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны есдүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Ер нь Баянзүрх дүүргийн шүүхийн танхимууд жижиг, дээр нь оролцогч олон, хохирол ихтэй хэргүүдийг байнга хэлэлцдэг. Тус шүүхийн танхим зай талбай бага, агаар муутайгаас үүдэн, өмнө нь ч хэргийн оролцогч ухаан алдаж байсан удаатай.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны наймдугаар сарын 9-нд урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны наймдугаар сарын 30 буюу өнөөдөр 09.30 цагт хийхээр тогтсон. Шүүгдэгч Д.Гүрсоронзод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурал болох хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Батбаяр, Д.Одгэрэл нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Ташрамд дурдахад, Хуульд “Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэтэл Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх нь 1998 оноос хойш ОХУ-ын сургуулийн хүүхдүүдийн дотуур байрны зориулалттай түрээсийн жижиг байранд шүүн таслах ажиллагаа явуулж байна. Тус шүүхээр өдөрт 80-100 хүн үйлчлүүлж, 7 хоногт дунджаар 20-35 шүүх хурал товлон зарлагддаг. Түрээслэгч тал нь зарим тохиолдолд хэргийн оролцогчийн нөгөө тал болох нь бий ч шүүхийн хараат бус байдлыг эдийн засгийн баталгаанаас эхлүүлэх нь зөв гэдгийг олон улсын эрх зүйн зөвлөмж, баримт бичгүүдэд тусгасан байдаг.