Жил бүрийн хичээлийн шинэ жил ойртохтой зэрэгцээд нэгдүгээр ангид элсэх хүүхэдтэй, нийслэлд амьдардаг эцэг, эхчүүд нэгэн зүйлд санаагаа чилээдэг. Тэр нь аль сургуульд хүүхдээ оруулах вэ гэсэн ганц бодол. Мөнгө, төгрөгөөр гачигддаггүй нэг хэсэг нь өндөр төлбөртэй, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд руу үрсээ оруулчихна.
Төрийн албан хаагчид, нийгмийн дундаж давхарга болсон эгэл жирийн иргэд хотын төв хэсгийн Сүхбаатар дүүргийн I, Монгол, Оросын хамтарсан гурав, зургаа, Чингэлтэй дүүргийн тав, 23, 24, Баянзүрхийн 33, 84, Баянголын 20, 38 зэрэг сургуульд хүүхдээ элсүүлэхийн тулд “алаан” болдог. Уг нь хамгийн сайн сургууль аль нь вэ гэдэг асуултад “гэртэйгээ ойрхон сургууль” гэж бусад орныхон хариулдаг. Гэвч манайд хот төлөвлөлтийн буруу бодлого, барилгын компаниуд орон сууцын хороолол дунд сургууль барихаар зураг төслөө танилцуулдаг ч түүнийгээ зөрчдөг зэрэг нь хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд сурах боломжийг үгүй хийж байна.
Хотын төв хэсэгтээ байгууллага, аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаа явуулдаг учраас эцэг, эхчүүд өглөө хүргэж өгөх, орой тараад авахад амрыг бодон ажилтайгаа ойрхон сургуульд хүүхдүүдээ суралцуулахыг зорьдог. Тиймээс хотын төв рүү чиглэсэн автомашины ачаалал хичээл эхлэхтэй зэрэгцээд эрс нэмэгддэг билээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хамран сургах тойрог хэмээх хачин жигтэй бодлого хэрэгжүүлж буй юм. Энэ нь зарим нэг албан тушаалтны халаасаа түнтийлгэх хэрэгсэл болсон гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз. Баянгол дүүргийн XX хорооны оршин суугч буюу “Хархорин” захын дэргэдэх “Шинэ эрин” хороололд амьдардаг хүн хүүхдээ хамран сургах тойргийнх нь сургуульд суралцуулах бол Таван шарын төмөр замын уулзвараас баруун тийш явж, тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн урд байх 19 дүгээр сургууль руу хүргэх ёстой. Ингэж хүргэчихээд буцаад хотын төв рүү ажилдаа хоцорч очно. Энэ мэтээр нааш цааш түгжирч явахын оронд ажилтайгаа ойр сургуульд хүүхдээ оруулсан нь цаг ч хэмнэнэ, дөнгүүр гэсэн сургалттайд нь ч багтаачихна. Тиймээс хамран сургах тойрог гээчийг нь зөрчих элдэв арга саам ашигладаг юм. Улмаар хотын төвийн сургуулийн анги дүүргэлт нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрдэг.
БҮРТГЭЛИЙГ ДУНД, ДООД ШАТАНД ЗАВХРУУЛДАГ НЬ СУРГУУЛИУДАД АЧААЛАЛ НЭМДЭГ
Нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настай балчруудаа ажилтайгаа ойр сургуульд оруулахын тулд эцэг, эхчүүд юу эсийг хийх вэ. Албан тушаалтанд хахууль өгөх бол нэн тэргүүний үйлдэл. Сургуулийн удирдлага, нийслэлийн Боловсролын газрынхан гээд эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн тохиолдлыг хууль сахиулагчид илрүүлэн, шүүх ч ял шийтгэж байсан билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа дараа хахууль авсныг шүүх тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Өдгөө түүний элсүүлсэн хүүхдүүд Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуульд хамгийн олон буюу зургаан бүлэгтэй хичээллэж байгаа юм билээ.
Ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийг эцэг, эхчүүдээс байрных нь ордер зэрэг нотлох баримтыг үндэслэн хотын төвийн сургуулиудад бүртгэдэг болсноор хүмүүсийн арга улам нарийсчээ. Тодруулбал, харьяалах дүүрэг, хорооны улсын бүртгэл хариуцсан албан тушаалтнуудад мөнгө өгч, шинэ ордер гаргуулдаг ч юм уу, эсвэл тухайн хаягт бүртгэлтэй гэсэн бичиг баримттай болчихож байна. Ийм нэг бус тохиолдлыг АТГ-ынхан илрүүлэн шалгаж буй юм билээ. Хотын төвийн нэг хорооны бүртгэлийн ажилтан нь бусдаас хахууль аван тухайн хаягт байхгүй хүнийг бүртгэдэг. Улмаар тэр хаягт амьдардаг хэмээн хүүхдээ хамран сургах тойргийн сургуульд оруулж байсан аж. Түүгээр ч зогсохгүй өөрийн эзэмшлийн орон сууцыг хэд хэдэн айлд давхар түрээслэх, тэндээ амьдардаггүй иргэдийг оршин суудаг мэтээр бүртгэл хөтөлдөг явдал ч гарсан гэнэ. Байрны ордер, оршин суугаа тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн сургуулиуд хамран сургах тойргийн хүүхэд хэмээн бүртгэхээс өөр гарцгүй. Сургуулийн удирдлага мөрдөн шалгах эрхгүй учраас тухайн хүүхдийн эцэг, эхийн араас хөөцөлдөн, хаягийг нь нягтлаад явах боломжгүй. Ингээд Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суудаггүй айлын хүүхэд улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуульд элсэн суралцаж байх жишээтэй. Өнгөрсөн жил сурагчдын автобусаар Таван шараас маш олон хүүхэд зорчин Сүхбаатар дүүргийн нэг, 31 дүгээр сургуулийн гадаа бууж байсан нь өнөөх л хаягийн бүртгэлийн “но”-той холбоотой гэхэд хилсдэхгүй.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж УБЕГ-ын дарга байхдаа 2019 онд “Монгол Улсын нэг иргэнд улсын бүртгэлийн, иргэний болон жолооны үнэмлэхийн, татвар төлөгчийн, нийгмийн даатгалын дэвтрийн гэхчлэн 10 орчим дугаарыг нэгтгэнэ. 12 оронтой дугаарт тухайн иргэний бүх мэдээллийг нэг дор байршуулснаар “Нэг иргэн-Нэг бүртгэл”-ийн төгөлдөршил болно” хэмээж байсан. Гэвч энэ нь ажил хэрэг бололгүй, анхан, дунд шатны албан тушаалтнууд нь эрх мэдлээ ашиглан бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулан төвийн сургуулиудын ачааллыг нэмэхэд нэрмээс болж байна.
Уг нь бүртгэлийг хуулийн дагуу, зохих ёсоор нь явуулдаг бол Сүхбаатар дүүргийн I хороонд зургаан жилийн өмнө төчнөөн хүүхэд шинээр төрснийг бүртгэсэн. Төд нь шилжин суурьшсан, тэдэн хүүхэд үндсэн хаягтаа байгаа учраас 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр сургуульд элсэн суралцана гэсэн тоон мэдээллээ харьяалах сургуульдаа хүргэчихэж болмоор. Тэгвэл улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуульд хамран сургах тойргийн төчнөөн хүүхдийг элсүүлнэ гээд тоогоо зарлачихвал зүгээр сэн. Харамсалтай нь, анхнаасаа ийм зүйл хийдэггүйгээс тус сургуулийн гадаа өчигдөр ч гэсэн эцэг, эхчүүд дараалал үүсгэн сууж байв. Тус сургуулийн захирал Р.Энхбат “Нэгдүгээр сургууль 2021-2022 онд таван бүлэгт 250 орчим хүүхэд авахаар төлөвлөсөн. Анги дүүргэлтийн хувьд, хамран сурах тойргийн хүүхдүүдийн статистикаас хамаарна. Сүхбаатар дүүргийн тэр байрны хаяг дээр түр оршин сууж байгаа юм байна. Тиймээс манай сургууль хүүхдийг чинь хүлээж авахгүй гэж хэлэх боломжгүй” хэмээж буй. Учир байдлаа эцэг, эхчүүдэд ойлгуулж хэлэхээр хахууль нэхлээ, дээд дарга, сайд нарт чинь хэлнэ гэх мэтээр аашилдаг хүн ч цөөнгүй байна.
ХАМРАН СУРГАХ БУС, ХАМААТАНДАА ҮЙЛЧЛЭХ ТОЙРОГ ГЭЛТЭЙ
Хотын төв хэсгийн сургуулиудад зургаан настай хүүхэд элсүүлэхэд 10 хүртэлх сая төгрөгийн ханштай хэмээн нийгмийн сүлжээнд иргэд бичиж байна. Энэ нь нөгөө л хамран сургах тойрог гээчтэй холбоотой. Эцэг, эхээсээ өрх тусгаарлан өөр дүүрэгт орон сууцтай болж амьдарч байгаа залуус хүүхдээ сургуульд оруулах болоход өвөө, эмээгийнх нь хаяг дээр буцаж шилжүүлэн бүртгүүлэх явдал гардаг. Нөхөр нь Хан-Уул дүүргийн харьяат, эхнэр нь сургуульд элсэгч зургаан настнаа дагуулан өрх тусгаарлаж, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн орон сууцад бүртгэлтэй нь ч бий. Эсвэл ах, дүүд нь эцэг, эх нь өвлүүлсэн байранд өөрөө бүртгэлгүй хэрнээ шинээр хамтран эзэмшигч болж ороод цоо шинэ ордер бичүүлээд ирэх явдал ч байна. Энэ бүхэн нөгөө л улсын бүртгэлийн байгууллагын анхан шатныхны ажил маапаантай явдагтай холбоотой гэхэд болно.
Түүнчлэн нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан хамран сургах тойрог хэмээх бичиг баримт ч өөрөө үндэслэл муутай гарсан мэт. Нэг жишээ татахад, Сүхбаатар дүүргийн нэг, 31 дүгээр сургуулийн хамран сургах тойргийг замынх нь урд талын “Чонон бүрт” төвийн уулзвараар таслан замын баруун талын Чин ван Ханддоржийн өргөөний урд байрлах орон сууц зэргийг 31 дүгээр сургуульд хамаатуулжээ. Эл сургуулийн зэргэлдээ буюу циркийн зүүн талын таван давхар хэдэн орон сууцыг нэгдүгээр сургуулийнхад багтааж. Хуучнаар Замын цагдаагийн газар одоогийн Тээврийн цагдаагийн албаны ойролцоох орон сууцууд бас эл сургуулийн хамран сургах тойрогт оржээ. Уг нь бол циркийн хажуугаас 31 дүгээр сургууль руу алхаад ороход илүү ойр баймаар. Чин ван Ханддоржийн өргөөний урд талын есөн давхар байрнаас нэгдүгээр сургууль руу хүүхэд явбал дөт гэдэг нь гарцаагүй. ТЦА-ны ойролцоох орон сууцуудаас Нарны замаараа давхихад 31 дүгээр сургуульд амархан хүрнэ. Ийм байхад нийслэлийн Боловсролын газрынхан юунд үндэслэн хамран сургах тойргийг хаа хамаагүй байдлаар баталчихав аа. Энд бас ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
Үүнээс үүдээд зарим эцэг, эх бидэнд зовлонгоо ярьж байна. Чин ван Ханддоржийн өргөөний урд талын есөн давхар орон сууцад оршин суугч иргэн Б “Манай хоёр том хүүхэд харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуульд сурдаг юм. Гэтэл энэ жил сургуульд орох зургаан настай хүүхэд минь хамран сургах тойрог гээчээрээ 31 дүгээр сургуульд багтаж, тийшээ элсэх боллоо. Яагаад ингэж өөрчилснийг сургуулийн удирдлага нь мэдэхгүй байна. Уг нь ах нартай нь хамт нэгдүгээр сургуульд явуулчихвал хичээлд нь хүргээд байх боломжтой. Энэ асуудлаар сургуулийн удирдлагатай нь уулзах гээд дугаарлаж сууна” гэж байлаа. Магадгүй энэ хамран сургах тойргийг баталсан албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс нь нэгдүгээр сургуульд хүүхдээ багтаахын тулд ийм мэт аргаар өөрчилсөн байхыг ч үгүйсгэхгүй гэж цөөнгүй эцэг, эх хардаж байв.
Нэгдүгээр ангид элсэгч зургаан настнуудад л хамран сургах тойрог хамаатай болохоос анги ахихад огт хэрэггүй зүйл юм билээ. Тиймдээ ч улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнийн албан тушаалаа ашиглаж, хүүхдийн тоо хэтрүүлэн авсан суралцагчид зургаан бүлэгтэй өнөөг хүртэл хичээллэж байгаа гэх. Цаашилбал, өнөө хавар тус сургуулийн 12 дугаар анги төгссөн хүүхдүүдээс ганцхан нь эл сургуулийн хамран сургах тойрогт бүртгэлтэй байж. Үүнээс үзэхэд хамран сургах тойрог гэж нэгдүгээр ангид элсэгчдийн эцэг, эхийг зовоодог явдлыг өөрчлөх хэрэгтэй гэдэг нь харагдана.
ЭХИЙГ НЬ ЭЦЭЭЖ, ТУГАЛЫГ НЬ ТУРААХГҮЙН ТУЛД “ШАХАА”-НЫ ХҮҮХЭД АВДАГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Хотын төвийн сургуулиудад хүүхдээ элсүүлэхийн тулд танил тал, ар өврийн хаалга хэрэглэдэггүй хүн ховор. Дүүрэг, нийслэлийн ЗДТГ, Боловсролын газар, яам, тамгын газрынхнаар ч яриулах нь бий. Ингээд оруулах нэгэн байхад, багтааж чадахгүй нөхөд ч гарна. Сургуулийн удирдлага нь хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг хэрхэн багтаах вэ гэж зовохын хажуугаар дээд байгууллагын удирдах албан тушаалтнуудын “шахаа”-ны хүүхдүүдийг хэрхэн шингээх вэ хэмээн толгойгоо гашилгана. Яагаад гэхээр, сургуулийнхаа төсөв, засвар үйлчилгээний зардал, сургалтын орчин, гадаад улсаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг сургуульдаа шингээж, бусдын дор оруулчихгүй гэсэндээ дүүрэг, нийслэлийн удирдлага, БШУЯ-ныхны гуйврыг аль болох нааштай шийдвэрлэхийг хичээнэ.
Эдгээрээс гадна зарим багш нь “Манай хамаатны хүүхэд юм, сургуульдаа оруулчихмаар байна” гэх мэтээр захирал, удирдах албан тушаалтнаа гуйна. Магадгүй энэ байдлаас үүдэн хотын төвийн сургуульд хүүхэд элсүүлэх ханш 10 сая гэсэн яриа гарсан байх. Ахмад үеийн багш нар нь сургуулийн удирдлагын өрөөнд ороод “Ач, зээ минь сургуульд орох боллоо. Насаараа багшилж байсан сургуульдаа тэднийгээ элсүүлмээр байна” гэх нь ч бий. Энэ мэт гуйвар, “шахаа”-тай эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчмаар сургуулийн удирдлага ажилладаг гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Улмаар анги дүүргэлт буюу нэг ангид суралцах хүүхдийн тоо нь хоёр дахин өсөж, бага ангийн багш нарын ачаалал эрс нэмэгддэг биз ээ.
Хамгийн сайн сургууль гэртэйгээ ойрхон нь ч гэлээ манайд тэгж сургах боломж нь үнэхээр хомс байна. Барууны орнуудад сургуулиудад одоор зэрэглэл тогтоодог юм билээ. Олон одтой байх тусмаа чанартай г гэсэн үг. Харин тэр сургуулийн одыг өсгөхөд барилгын компаниуд нь хөрөнгө оруулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн од олон байх тусам тэнд сурах хүүхдийн тоо нэмэгдэнэ. Хүүхдийн тоо өснө гэдэг бол сургуультай ойр байх орон сууцын эрэлт, борлуулалт сайн байна гэсэн үг хэмээн тооцоолдог. Тэгэхээр бид хамран сургах тойрог гэж хэн нэгэн албан тушаалтны халаасыг түнтийлгэх боломжийг өсгөж байхаар энэ бүгдийг таслан зогсоох арга эрэлхийлэн, бүртгэлийн төгөлдөршлөө хийсэн шиг хийж, хот төлөвлөлтөө, шинээр барьж буй орон сууцын хорооллууддаа төрийн өмчийн сургууль заавал байгуулахыг шаардах нь ирээдүйд хэрэгтэй санагдана.
Бэлтгэсэн Г.Равжаа