Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн Тээлийн-Ам гэх газар суудлын автомашин онхолдож нэг иргэн бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан тул цогцсыг нь гаргаж өгнө үү гэх дуудлагыг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр 23.26 цагт ирүүлжээ.
Эл хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид өнөөдөр 01.10 цагт очиход Завхан аймгийн Тэлмэн сумаас Улиастайн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан хоёр зорчигчтой, “Приус-20” загварын суудлын автомашин онхолдсон байжээ.
Ослын улмаас 27 болон 37 настай, эмэгтэй, 25 настай эрэгтэй нар амиа алдсан байна. Алба хаагчид 27 настай, эмэгтэйн цогцос автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, дээрх аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн гэнэ.