БОАЖЯ, Сангийн яам, Хэнтий аймгийн удирдлага хамтран төрийнхөн гол дүрд нь тоглодог ээлжит жүжгийг тоглож, шоу үзүүллээ гэхээр үйл явдал өчигдөр болоодхов.
Хэнтий аймгийн Батноров сумд байгуулсан “Андлалын хөшөө” хэмээх байгууламжийг нүд ирмэхийн зуур гэлтэй, хамаг асуудлыг “ногоон гэрэл”-ээр шийдээд нураачихлаа. Өдгөө хогийг нь цэвэрлэж байна. Уг хөшөөг барих ажлыг гүйцэтгэсэн “Хос санаа” компани, энэхүү байгууламжийг бүтээн босгоход улсын төсвөөс зориулсан 1.9 тэрбум төгрөгийг төсөвт буцаан тушааж гэнэ. Тэгэхдээ бүр БОАЖ-ын сайд уг асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс 30 орчим минутын өмнө шилжүүлсэн юм байх. Төрийн яамд, аймгийн удирдлага бүхий л асуудалд ингэж шуурхай ханддаг ч болоосой гэхээр, хэн хүнгүй түргэн, “мэргэн” хөдлөв.
Хөшөөг зураг төслийн дагуу барих ажлыг гүйцэтгэсэн “Хос санаа” компани яагаад мөнгөө буцааж өгөх болов. Тэр байгууллагын буруу юунд байв, ямар үндэслэлээр хариуцлага хүлээж өр төлөхдөө тулав. Хэрвээ үнэхээр хариуцлага хүлээхдээ тулсан юм бол зарцуулсан мөнгийг эргүүлж өгөөд л болчих юм уу. Улсын өчнөөн хөрөнгөөр гараа угаасан хэрэгт унасан бол түүнээс илүүгээр шийтгүүлэх ёстой бус уу. Аль эсвэл тэд бусдын дохиураар ажиллав уу. Хүний өмнөөс нэр нүүрээ барж байна уу.
Хээр хөшөө босгож, харж, манах эзэнгүй хөсөр хаях замаар төрийн мөнгийг түр хугацаанд ашиглах санаа хэн нэгэнд төрсөн байж болох уу. Олон нийт мэдээлэлтэй. Санах ой сайтай. Тухайн үед үүнийг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүхий л талаар зүтгүүлэн байж бариулсныг бүгд тод санаж байгаа. Гэтэл өдгөө үүнийг аялал жуулчлал хөгжүүлэх бүсэд төрөөс бодлогоор бариулсан, аймгийн удирдлагын зүгээс харж хандах ёстой байсан гэсэн ойлголт өгөхийг оролдох болж. Хэрвээ аймгийн удирдлага хамгаалж, хайрлаж байх үүрэг хүлээсэн байсан бол яагаад дөрвөн ханатай гэр бариад, ажилгүй нөхдөөс нэгийг нь суулгачихсангүй вэ. Ингээд аваад үзэхэд “Андлалын хөшөө” гээчийг барьж байгуулах нэрээр улсын төсвөөс мөнгө гаргуулж хэрэглэх гэсэн арга, заль гэж харахаар. Үүнийг төрд нөлөөтэй хүн л хийж чадна.
Гэтэл одоо болсон хойно оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал “босож ирсэн”, загварыг зохион бүтээсэн уран бүтээлчийн ар гэрийнхэн өөд болсон ханийнхаа, аавынхаа оюуны бүтээлийг ашиглуулмааргүй байна гэж гомдол, хүсэлт гаргасны дагуу ийнхүү шийдвэрлэлээ хэмээх нь туйлын үнэмшилгүй. Уран барималч Эрдэмбилэг агсан хөшөөний загварыг хийсэн нь үнэн юм бол тухайн үед гэрээний хүрээнд ажилласан, цалин хөлсөө авсан байж таарна. Гэрийнхэн нь энэ тухай мэдээгүй, ажлын хөлснөөс нь хүртээгүй гэж үү.
Талд хөшөө босгож, үргүй зардал гаргасан гэж олон нийт хүчтэй шүүмжилж эхлэхэд санаачилсан, бариулсан нөхөр “Далимдуулаад буулгах нь зүйтэй юм байна. Нэр төрд гай болох нь. Одоо нураачихад сарын дараа гэхэд хүмүүс мартчихна” хэмээн бодсон, мөн яаж гэдгийг тооцоолохдоо өөд болсон уран бүтээлчийн ар гэрийнхэнтэй ярьж, тохирсон байж болохоор дүр зураг харагдаж байгаа юм. Бас ажил гүйцэтгэсэн “Хос санаа” компанийг хоёр тэрбум шахам төгрөгийг “Сангийн яамны дансанд тушаа” гэнгүүт нь гаргаад хийчихдэг ямар их илүүдээ гарсан хөрөнгөтэй байгууллага вэ, эсвэл энэ мөнгө эднийх биш үү, бусдын гар хөл, дамжуулах гүүр болж буй ч энэ талаар нууцалж байна уу гэхээр.
БОАЖ-ын сайд ч гэсэн “Хэвлэлийнхэнд ийм мэдээлэл өг” гэхэд нь ярив уу. Өнгөрсөн зун Соёлын сайд ингэж баларсан удаатай. Засгийн газрын гишүүдээрээ “Наадмыг яах вэ” гэж ярилцаад, цахимаар хийе гэж шийдсэнээ сайдад чиглэлийн дагуу “Төрт ёс, уламжлалаа дээдэлж, наадмыг өнжихгүй, зохион байгуулъя” гэж олон нийтэд мэдээл” гэхээр нь хэдэн үг хэлсэн юм билээ. Ингээд тэрбээр хэсэгтээ наадмыг өнжих саналтай иргэдийн амны бай болсон доо. Ер нь энэ Засгийн газрын гишүүд аливаад өөрийн толгойтой юу гэмээр ханддаг нь анзаарагддаг. Андлалын хэмээх хөшөөтэй холбоотой хэрэг явдал ч тийм л загвараар өрнөж байх шиг.
Улсын төсвийн хөрөнгөд хүссэн үедээ гар дүрж гаргуулан хэрэглээд, нэг талаар хөрөнгийн боломжтой болохоороо, нөгөө талаар олон нийтийн хэл амнаас төвөгшөөхдөө буцаагаад хийчихдэг, нэг ёсондоо ломбард болгочих юм байна л даа, төрийн сан хөмрөгийг. Тэгээд болоогүй булхайгаа баллуурдах гэхдээ тааруухан тавилттай жүжиг тоглох. Хэн ч үнэмшихгүй. Энэ хэрэгт холбогдох эздийг илрүүлж, учрыг олж, хужрыг нь тунгаах үүрэг эрүүл саруул ухаантнуудад ногдож байна даа л гэе.