Монголын хөлбөмбөгийн холбооны 2020-2028 оны “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн хөлбөмбөг болон мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, техникийн албаны захирал Б.Буман-Учрал нар Унгарын Элчин сайдын яамныхантай уулзав.
Тэд 2015 оноос эхлүүлсэн “Пушкаш” академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, жил бүр эрэгтэй, эмэгтэй тамирчны тоог нэмэн, дасгалжуулагч нараа солилцох, тус академийн салбарыг Монголд байгуулах, тамирчдынхаа ур чадварыг ахиулах зорилгоор qball-ийн спортыг хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ. Уулзалтын үеэр Унгарын Элчин сайдын яамны зүгээс Монголын хөлбөмбөгийн холбооноос тавьсан саналыг судлан үзэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж мэдэгдэв.
Сонирхуулахад, ирэх сард Азийн АШТ-ий урьдчилсан шатанд тоглох Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдын өмсгөлийг “TG sport” хувцасны үйлдвэр урлах юм байна.