АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д шалгалт хийж Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг нь албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Түүнийг PCR болон түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл шууд худалдан авах гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, удирдлагатай нь хуйвалдан хахууль авсан үйлдэлд буруутгасан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй С.Энхзаяагийн болон хамаарал бүхий хүмүүсийн гэрт АТГ-ынхан нэгжлэг хийж 150 сая төгрөг хураасан байдаг. Тэгвэл АТГ-ынхан өчигдөр ХӨСҮТ-ийн өөр нэг албан тушаалтныг саатуулан шалгаж эхэллээ. Бидэнд олдсон мэдээллээр тус төвийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан гэх хэрэгт холбогдуулан албадан саатуулжээ. Тэрбээр ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс мөнгө авч, ажилд томилуулдаг байсан нь АТГ-ынхны сонорт хүрсэн гэнэ. Тодруулбал, ажилд орж буй хүмүүсээс нэг саяас дээш төгрөг авч байсан гэдгийг 10 гаруй хүн гэрчилжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа