Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс өчигдөр 6.48 хувиар дээшлэн 39 915 нэгжид хүрэв. Энэ нь түүхэн дээд түвшнээ шинэчилсэн үзүүлэлт боллоо. Тус биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй АПУ, “Сүү”, “Тавантолгой”, хоёрдугаар ангиллынхаас “Ард санхүүгийн нэгдэл”, “Улсын их дэлгүүр” компанийн хувьцааны ханш дээшилсэн нь үүнд голлон нөлөөлжээ. Үүнээс гадна түүхэн дээд түвшнээ шинэчилсээр буй зах зээлийн үнэлгээ өчигдөр мөн өслөө. Тодруулбал, уг үнэлгээ өчигдөр 85 орчим тэрбум төгрөгөөр дээшилж 4.46 их наядад хүрчээ. Сонирхуулахад, Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2018 оны наймдугаар сард дунджаар 2.3, дараа жилийнх нь мөн сард 2.49, 2020 оны наймдугаар сард 2.58 их наяд төгрөгтэй тэнцэж байжээ.
Бэлтгэсэн Б.Сонор