Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэн боловсруулж байна. Уг төслийн үндсэн концепцыг оюуны өндөр чадавхтай, цогц чадамжтай, бүтээмж өндөртэй, нарийн мэргэжил, мэргэшилтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгон шалгаруулж авах явдал хэмээн тодорхойлж буй юм билээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн хэр удаан ажилласан гэдгээр нь бус, ур чадвар, мэдлэгт нь үндэслэж дэвшүүлдэг хууль, эрх зүйн орчин бий болгох гэж байгаа юм.
Нөгөө л “байлдагчаас генерал” гэдэгчлэн ухамсарт амьдралынхаа өчнөөн жилийг төрийн албанд зориулахдаа шат шатаар ахиж, тодорхой албан тушаалд хүрсэн хэн нэгний дээр ур чадвартай, мэдлэгтэй гээд годгоносон залуу дарга болж ирэхэд гайхах юмгүй гэсэн үг. Магадгүй тэр “хүүхэд” нь дэлхийд нэр хүндтэй, шилдэг сургуулийг дүүргэсэн байвал тэр нь мэдлэг, ур чадварын илэрхийлэл, урдаа барих үзүүлэлт болохыг үгүйсгэхгүй. Учир нь энэ мэт шалгуур үзүүлэлтээр төрийн том албанд томилогдсон хүмүүс өдгөө бий. УИХ-ын дарга нь “Их, дээд сургуулиас шилдэг оюутан, суралцагчдыг сонгон, шалгаруулж, бодлогоор мэргэшүүлэн бэлтгэж, улмаар чадахуйд суурилсан зарчмаар дэвшүүлэн ажиллуулснаар “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээх үзэл санаа бүхий Азийн эрх зүй хэрэгжих боломжтой” гэх жишээтэй.
Уг нь манай төрийн албанд шатлан дэвших мерит зарчим үйлчилж буй. Үүнийг тулгуур зарчим болгосон Төрийн албаны тухай хуулийг 2019 оноос мөрдөж байгаа. Тухайн үед дарга, нам дагаж далдаганасан, дараалал дайрч том албан тушаалд хүрдэг хүмүүс, тэдний бий болгосон тогтолцоог үгүй хийхийн тулд төрд тогтвортой, он удаан жил ажилласныг нь дэвшүүлдэг мерит зарчмыг мөрдөнө, төгөлдөржүүлнэ хэмээн амтай болгон ярьж байв. Харин өдгөө, хоёр жил гаруйн дараа дадлага, туршлага, хэдэн жил ажилласан бэ гэдгээр нь дэвшүүлэх бус, чаддаг, мэддэгийг нь сонгон шалгаруулах нь зөв гэлцэх боллоо. Парламентын дарга нь хүртэл “Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс. Үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, бодлого, зохицуулалтыг нь өөрчлөн шинэчилнэ” хэмээж байна. “Эрс шинэчлэл” гээчийг ийм ойр ойрхон, дарга солигдох тоолонд хийгээд байвал энэ Монгол Улс маань юу л болдог бол доо. Өнөөгийн эрх баригчид хоёр парламент дараалан үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Тухайн үед сонгуулиас сонгуулийн хооронд төрийн алба бужигнадаг, халаа, сэлгээ эх, адгаа алддаг гэх шүүмжлэл жин дарж байв. Тиймээс ч 2020 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж, үргэлжлүүлэн эрх барина гэж зүүдлээ ч үгүй байсан Ардын намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албанаа байршуулсан өөрийн хүмүүсээ аль болох ажлын байртай нь үлдээх гэж, АН-ынхан ирсэн ч халж, сэлгэж чадахааргүй болгохын тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэн гэлцэх нь ч бий. Харин одоо төрийн албыг бүхэлд нь гартаа атгасан МАН доторх бүлэглэлүүд магадгүй хоёр, гурав, дөрөвдүгээр ээлжийнхнийгээ “хоолонд оруулах” гэж хуулиар оролдож байхыг үгүйсгэхгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн чадварлаг албыг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар шилдгүүдийг олох ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй сонгон шалгаруулалтууд нь хангалтгүй, хатуухан хэлэхэд, нэр төдий болж ирсэн” хэмээн зэмлэнэ лээ. Оргүй ч зүйл биш болов уу. Гэвч одоо батлах гээд байгаа хуулиар нь чадвартай, мэдлэгтэйг нь сонгон шалгаруулах үйл явц баараггүй шударга байх, эсэх нь бас л дээрхтэй адил асуудал. Олон улсын топ сургууль төгссөн болгон мэдлэгтэй, чадвартай гэж хандвал өрөөсгөл. Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийн үзэл санаа, амин сүнсийг нь хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, гүйцэтгэлийн шатанд нь алдаа, завхрал гаргахгүй гэх баталгаа алга. Энэ хуулийг баталснаар зэмлүүлж, чичлүүлээд байгаа Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа шинэ шатанд гарах уу, эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг хууль тогтоогчид эрх биш бодсон байх учиртай сан. Сүр дуулиан болгон баталсан хуулийнхаа мөн чанарыг хаана хаанаа ухаж ойлгоогүй атлаа дахин шинийг хийнэ, бүр өөр замаар алхана гэж дэвцгээх нь сайны ёр биш. Монголын төр, тэднийг төлөөлж буй шийдвэр гаргагчид бодлогогүй, залгамжгүй, сонгууль угтаж “шоуддаг”, гал унтраах арга хэмжээ авдаг, аливаад ахар бодлоор ханддагийн илрэл нь энэ.
Энэ хуулийг баталбал төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг алдагдуулах, албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халах, чөлөөлөх, байгууллагын бүтэц, орон тоог үндэслэлгүйгээр өөрчлөх болон тодорхой хүнд зориулж хүний нөөцийн тусгай хэрэгцээг тодорхойлохыг хориглохоор төсөлд тусгасныг санаачлагчид нь тайлбарлаж буй. Мөн Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслөөр зөвхөн төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг сонгон шалгаруулах хязгаарлалттай байгааг өргөжүүлэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн болон үйлчилгээний албан хаагчдыг ч ийм маягаар сонгон шалгаруулахаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсохдоо “Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж тусгасан. Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төсөлд тусгасанчлан сонгон шалгаруулах зарчмыг бүх байгууллага баримтлах нь зүйтэй” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн болон шүүгч нарын сонгон шалгаруулалтад ч дээрх зарчмыг баримтлах нь чухал болохыг онцолсон билээ. Үндсэндээ одоо мөрдөж буй мерит зарчмыг орвонгоор нь эргүүлэх дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Гэвч үг, үйлдлийнх нь зөрүүг өчүүхэн зүйлээс ч ажиглаж болно. Ойрын жишээ хэлье. Өнгөрсөн парламентад гишүүнээр ажилласан Д.Оюунхорол, О.Батнасан тэргүүтэй цөөнгүй хүнийг төрийн өмчит компани, төсвөөс санхүүжүүлдэг төсөл, хөтөлбөрийг удирдуулахаар томилсныг олон хүн шүүмжилж буй. “Чадахуйн зарчимд суурилсан сонгон шалгаруулалт л хэрэгтэй” хэмээн чарлалдаж буй эрх баригчдад эдгээр эрхмээс илүү энэ ажлыг хийчих мэдлэгтэй, чадвартай хүмүүс олдоогүй юм байх даа гэж гайхаж, бухимдах хүн олон байсан. Харин ч экс гишүүдийг Элчин сайд, зөвлөх гээд энд тэндгүй байршуулж байгаагаас нь харвал чадвар, мэдлэг гэхээс илүү төрд сонгогдсон туршлага, түүхийг нь илүүд үзээд ч байгаа юм шиг. Гай тарьсан уу гэхээс гавьяа байгуулаагүй тэднийг тархаан томилж байгаа Ардын намынхны яриад буй, Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль тэгтлээ итгэл төрүүлэхгүй байгаагийн нэгээхэн шалтгаан энэ.
Түүнчлэн Засгийн газар, яамдын түвшинд гэхэд л Төрийн нарийн бичгийн дарга нараас авхуулаад томоохон албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Шалтгааныг нь цар тахалд тохож, түр зуурын зохицуулалт хэмээн тайлбарлаж байгаа ч сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хүмүүсээ жинхлэх гэсэн арга нь Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль байж мэдэх л юм.