Кабулаас авчирсан Афганистаны дүрвэгсдийн дунд “Талибан” хөдөлгөөний босогч байсан тухай Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдэгдэв. Түүнээс гадна дөрвөн хүнийг тус улсын тагнуулынхан шалгаж буй гэнэ. Хүмүүнлэгийн байгууллагууд илүү олон дүрвэгчийг нүүлгэн шилжүүлэхийг Францаас шаардаж буй бол тус улсын үнэт зүйлс, амьдралын хэв маяг, бүгд найрамдах улсын зарчмуудыг хүндэтгэдэггүй афганчуудын өмнө үүрэг хүлээх албагүй хэмээн хэт барууны үзэлтнүүд нь үзэж байна.
Францын иргэд, тэдэнтэй хамтран ажилласан афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажил өчигдөр дууссан. Энэ сарын 31-нээс хойш Америкийн цэргийн хамгаалалт доор хүмүүнлэгийн ажиллагаа явуулахыг талибууд зөвшөөрвөл нүүлгэн шилжүүлэх үйл явц үргэлжлэх аж. Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дрианы хэлснээр бол одоо АНЭУ дахь дамжин өнгөрүүлэх цэгт 2000 хүн бий. Францад хэдийн ирсэн 1200 хүн нь Афганистан дахь ЭСЯ-тай хамтран ажиллаж байсан болон талибуудтай байх боломжгүй зураач, сэтгүүлчид гэнэ.
Үүний сацуу шашны хэт үзэлтнүүд, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж мэдэх хүмүүс дүрвэгчийн дүрээр шургалж болзошгүй гэсэн түгшүүр Францад газар авч байна. Ийм болгоомжлол төрж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. “Талибуудад эзлэгдсэн Афганистаны оршин суугчид Төв Азийн хөрш орнуудад байрлаж болзошгүй. Тэдгээр улсад оршин суугчид ОХУ-д визгүй зорчдог. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн билээ.
2021 он гарч, “Талибан” хөдөлгөөн давшиж эхэлснээс хойш Афганистанаас 500 мянга гаруй хүн дүрвэсэн. Одоо энэ тоо дөрвөн саяд хүрч болзошгүй гэж НҮБ-аас мэдээлжээ. Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг идэвхтэй явуулж буй АНУ дүрвэгсдэд зориулан Казахстан, Тажикистан, Узбекистанд хуаран байгуулахаар хэлэлцээ хийж буй тухай “Bloomberg” мэдээлсэн юм. Үүнд В.Путин түгшиж буй аж.
Европын Холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нар хуралдахад Грек, Дани, Швед зэрэг улс Афганистанаас дүрвэгч авахаас эрс татгалзсан. Мөн Пакистан улс Афганистантай залгаа хил дээрээ хашаа барьж байна. Энэ нь Ирантай залгаа хил дээрээ хана босгож буй Туркийг түгшихэд хүргэжээ. Иран дүрвэгсдийг түр хугацаагаар л байрлуулахаа мэдэгдсэн юм. Угаас Пакистан, Ираныг афганчууд зорихгүй. Аюулгүй байдлын үүднээс тус хоёр улс руу зорчихгүй байхыг ч НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газраас афганчуудад уриалсан. Нөгөөтээгүүр, Афганистаны 14 сая иргэнд өлсөж үхэх аюул нүүрлэж болзошгүй байгааг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө мэдээллээ. Дэлхийн банкны баримтаас үзвэл тус улсад 39 орчим сая хүн оршин суудаг. Хэдэн жил үргэлжилсэн ган гачиг, зэвсэгт мөргөлдөөн, “Ковид-19”-ийн улмаас эдийн засгийн байдал доройтсон гээд олон асуудал үүссэн тус улсад хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхээс сэргийлэхэд ирэх есдүгээр сард 200 сая доллар шаардлагатай болохыг Д.Бизли тэмдэглэв. Ийм хэмжээний тусламж цуглуулахгүй бол Афганистаны манай гаргийн “там” болох гэнэ.