“Токио-2020” паралимпийн XVI наадмын нээлтийн ёслол Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд уржигдар боллоо. Тус наадамд 160 гаруй улсын 4400 орчим тамирчин спортын 22 төрөлд 540 багц медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорихоор хуран цугласан юм. Энэ удаа наадмын хөтөлбөрт бадминтон, таеквондог шинээр нэмсэн бол долоон хүний хөлбөмбөг, дарвуулт завийг хасжээ. Монгол Улсын үндэсний шигшээ багийнхнаас жүдо бөхийн тамирчин, ОУХМ А.Мөнхбат, байт харвааны тамирчин, ОУХМ Д.Сэлэнгэ нар тугчаар сонгогдсоныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Паралимпийн наадмын бамбарыг асаах хүндтэй үүргийг Японы пара хүндийг өргөлтийн Карин Морисаки, тэргэнцэртэй теннисчин Юүи Камижи, боччагийн тамирчин Шүнсүкэ Үчида нар хүлээсэн юм. Ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх наадмын нээлтийн ёслол “Бид бүхэн жигүүртэй” уриаг дэлхийд түгээхэд чиглэснээрээ онцлог байв. Энэ үеэр Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс “Олон хүн ийм өдөр тохионо гэдэгт эргэлзэж, боломжгүй гэж бодож байлаа. Гэсэн ч олны сэтгэл, зүтгэлийн ачаар дэлхийд хамгийн их өөрчлөлт дагуулсан спортын наадам нээлтээ хийж байна. Бид дэлхийгээ өөрчлөхийг хүсэж байна” хэмээн онцолсон юм.
Паралимпэд оролцох тамирчдыг дүрвэгсдийн баг манлайлан цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн бол цар тахлын дэгдэлтийн улмаас Шинэ Зеланд, БНАСАУ, Афганистан, Кирибати, Самоа, Тонга, Вануату зэрэг улсын тамирчид оролцсонгүй. Паралимпэд өрсөлдөх Монголын баг тамирчдын тэмцээн маргааш байт харваа, жүдо бөхийн төрлөөр эхэлнэ.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
Наймдугаар сарын 30
Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 103 кг-д Гавьяат тамирчин Э.Содномпилжээ
Наймдугаар сарын 31
11.00 цаг (Монголын цагаар) Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар
Есдүгээр сарын 1
08.35 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс
10.00 цаг. Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн T53 уралдаанд П.Энхманлай
Есдүгээр сарын 2
07.45 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар
09.00 цаг. Таеквондогийн эрэгтэйчүүдийн -61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ
09.15 цаг. Таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг-ын жинд Х.Энхтуяа
Есдүгээр сарын 4
08.30 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар
08.41 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс
10.00 цаг. Байт харвааны холимог багийн тэмцээнд Д.Сэлэнгэ, Н.Мөнхбаатар нар өрсөлдөнө.