УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэд Монгол, АНУ-ын хооронд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцсон юм. Уг хэлэлцээрт 2013 онд гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр болсон.
Манай парламент болон Засгийн газар Ил тод байдлын хэлэлцээрт тусгасан үүрэг, даалгавраа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг УИХ-ын дарга илэрхийлээд, “Хэлэлцээрийн дагуу олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль, тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломж бүрдүүлсэн нь чухал ач холбогдолтой” гэв. Дэд тэргүүн Грегори Мэй Хууль тогтоомжийн болон Нийтийн мэдээллийн тухай хууль нь тус хэлэлцээрийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтойг дурдаад, энэ талаар мэдээлэл авах сонирхолтой буйгаа хэлээд, хэлэлцээрийн үр дүн ирэх жилээс гарна гэдэгт найдаж байгаагаа онцолсон.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд эрх бүхий байгууллагуудын удирдлага хамтарсан тушаал гаргасан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрийн орчуулгыг Гадаад харилцааны яам, УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хууль болон холбогдох журмын англи хувилбарыг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан www.legalinfo.mn цахим хуудсанд байршуулж байгаа аж. Одоогоор 110 гаруй хуулийг англи хэлээр орчуулан, байршуулснаас 43 нь Ил тод байдлын хэлэлцээртэй шууд холбоотой гэнэ.