Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо анхны хурлаа хийжээ. Ерөнхий сайд ахалдаг тус хорооны хуралдаанд Улаанбаатарын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг нарийн бичгийн дарга Б.Одсүрэн танилцууллаа. Нийслэлийн авто замд 350 мянган машин хөдөлгөөнд оролцох даацтай. Сүлжээг нь өргөтгөснөөр 600 мянга орчим машины даацад хүрэх боломжтойг тэрбээр дурдав. Үүний тулд уулзвар, нүхэн гарцыг олноор хийх шаардлагатайг хэллээ. Гэхдээ ойрын гурван жилд 300 мянган автомашин хилээр орж ирэх тооцоо бий аж. Иймд автомашины тоог бууруулахгүйгээр түгжрэл багасахгүй гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Түүнчлэн таван жилийн өмнө нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо 60 хувьтай байсан бол өдгөө 40 болж буурсан байна. Мөн дагуул хотуудыг үе шаттай байгуулж, төвлөрлийг задлахгүй бол түгжрэл буурахгүйг албаныхан хэлэв.
Ажлын хэсгийнхний мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын түгжрэл дан ганц Зам, тээврийн хөгжлийн яамны асуудал биш болсныг дурдаад, хэд хэдэн чиглэлийн судалгаа хийж, танилцуулах үүрэг өглөө. Тухайлбал, төрийн албан хаагчдын тээврийн хэрэгслийн тоо, бүртгэлийг гаргах, орон нутгаас тээврийн хэрэгслээрээ ирж байгаа иргэдийн зорилгыг тодорхойлох, түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих талаар судлахыг даалгасан юм. Мөн нийслэлээс нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар судалж, хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй юү гэдгийг Засгийн газрын тэргүүнд танилцуулах нь. Цаашлаад зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх нь үр дүнтэй юү, хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсоохгүй, сургуулийн автобусыг түрээслэх боломжийг судлах юм байна. Мөн төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй, эсэх, төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох, түгжрэлийг бууруулах санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, худалдааны төвүүдээс гадна хувийн болон төрийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг зөрүүлэх гэх мэт олон чиглэлээр мэдээлэл боловсруулах үүрэг өгчээ.
Богино хугацааны шийдлүүдийн талаар маргааш, дунд хугацааныхыг ирэх долоо хоногт танилцуулах гэнэ.
Бэлтгэсэн У.Наран