Их, дээд сургуульд элсэхээр ерөнхий шалгалт өгч, тэнцсэн залуус сонгосон мэргэжлийнхээ дагуу хуваарь авах өдрүүд үргэлжилж байна. Энэ оны ЭЕШ цар тахалтай жилд, сурагчид сүүлийн хоёр хичээлийн жилд цахимаар болон теле байдлаар голдуу заалгаж байгаад өгснөөр онцлог. Улсын хэмжээнд нийт 40 гаруй мянган охид, хөвгүүд уг шалгалтын ард гараад байна. Зарим нь тэнцсэн, унасан нь ч бий. Харин хичээл тус бүрээр дээд оноо авсан нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад цөөн. Нийгэм судлалын хичээлээр л дүн илүү үзүүлэв.
Шалгалтыг арван хичээлээр авсан. Хаанахын хүүхдүүд аль хичээлд сайн болон муу дүн авсныг нэгтгэсэн хүснэгтээс харж болно. Тухайлбал, монгол хэлний хичээлд Өвөрхангай аймгийнхан хамгийн сайн байжээ. Дараа нь Дорнодынхон жагсаж байна. Хөвсгөл аймгийн сурагчид гуравдугаарт бичигджээ. Математикийн хичээлээр мөн Өвөрхангайнхан тэргүүлж, нийслэлийн Багануур дүүргийнхэн удаалав. Баянхонгор болон Дундговь аймгийн сурагчид нийлбэр оноогоор тэнцэж жагсаалтад гуравдугаар байр эзэлсэн байна. Физикийн хувьд Дундговь аймгийнхан, Багануурынхан нэгдүгээрт, Өвөрхангайн элсэгчид гуравдугаарт, харин Дундговь, Дорнодын сурагчид адил дөрөвдүгээр байрт оржээ. Ер нь Өвөрхангай, Дорнод аймаг, нийслэлийн дүүргүүдээс Багануурынхан олон жилийн дунджаар тогтвортой сайн суралцаж буй юм байна. Тэр нь ч элсэлтийн ерөнхий шалгалтаар нотлогдож ирсэн.
Улсын нийслэл Улаанбаатарынхны сурлагын чанар жил ирэх тусам доошилсоор энэ удаа сүүлээсээ гуравдугаарт жагсав. Тэд англи хэлний хичээлээр бол манлайлсан байна лээ. Сурагчдын сурлагын чанарт хот, хөдөөгийн ялгаа гэх юм алга гэдгийг ЭЕШ илчиллээ. Харин ч сайн сургууль, сайн багш хайн олж, хүүхдээ сургая гэвэл орон нутгийг зориход гэмгүй гэхээр.
ЭЕШ-ын дүнтэй танилцсан иргэд санаа бодлоо илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Аймгууд дор бүрнээ дүгнэлт хийх биз дээ. Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр аймгийн боловсролын салбарынхан, багш нарт баяр хүргэе. Элсэгчид нь тааруу дүн үзүүлсэн аймгууд болон нийслэлийнхэн чармайж, анхаарахгүй бол горьгүй нь байна шүү” гэсэн. Эцэг, эхчүүд, багш нар, ер нь иргэд нийгмийн сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. “Ерөнхий боловсрол доройтжээ. Сурагчдын сурлагын чанар багш нараас цэвэр шалтгаална. Ховд аймгийн математикийн багш нар үеийн үед сайн ажилладаг. Тэр нь энэ удаа ч харагдаж байна. Аймгуудаар байр эзлүүлэх нь чухал биш. Нэгдүгээр байр, сүүлийнх гэлтгүй маш хангалтгүй үр дүнтэй байна. Багш мууд гол нь байгаа юм биш, хичээлүүдийг онлайнаар заахад ойлгоход бэрхшээлтэй. Ер нь бол харилцан ярилцаж, асууж, хариулж хичээллэвэл илүү үр дүнтэй байдаг. Сүүлийн хоёр хичээлийн жилд ийм байдал алдагдсанаас хүүхдүүд тааруу үнэлгээ авлаа. Хичээлийг танхимаар оруулахыг зогсоосон нь элсэгчид аль ч хичээлд муу дүн авах шалтгаан болов. Цар тахал бол шалтгаан биш, шалтаг. “Ковид-19” тархахаас өмнө ч ийм л дүнтэй байдаг байсан”. Олон нийтийн дунд энэ мэт дүгнэлт хийж буй хүмүүс байна.
ЭЕШ авч дууссан орой Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн бага хурал хийсэн. Тэр үед тус төвийн захирал Л.Ганбат “Ямар ч хичээлийн шалгалтын сэдэв задраагүй. Олон нийтийн дунд ташаа мэдээлэл байгаатай холбогдуулан манай байгууллагын зүгээс мэдэгдэл гаргасан. Бас нэгэн онцлох зүйл байна. Энэ жилийн элсэгчдийн хувьд нийгэм судлалын хичээл сонгосон залуус бараг нэлэнхийдээ сайн дүн авсан. Зарим хүн үүнийг ихэд гайхаад, бараг хардаад байх юм. Багш нар хичээлээ сайн зааж болохгүй юу. Сурагчид хичээн чармайвал чадахгүй юу” гэсэн агуулгаар тайлбарлаж байсан юм.
Мөн бас нэгэн анхаарал татсан мэдээлэл бий. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулиас 700-гаас дээш оноотой элсэгчдийг үнэгүй сургахаа мэдэгдсэн. Тус сургуулийн физикийн анги оюутангүй болсон тухай мэдээлэл нэг хэсэг дуулиан болсон. Заримдаа 1-2 оюутан төгсдөг байсан бол энэ жил физик, физикийн багш мэргэжлээр хоёр, хоёр оюутан л төгсгөжээ. Тийм болохоор сургуулийн удирдлагын зүгээс арга хэмжээ авч эхэлсэн байна. Физикийн ангид элсэх оюутан 700-гаас дээш оноотой бол сургалтын төлбөрийг эхний жилд 100, харин 650-иас дээш оноотой бол төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр болж. Хэрэв оюутан цаашид 3.2-оос дээш голчтой суралцвал мөн адил дээрх хөнгөлөлтийг эдэлнэ. Энэ бодлогоор зөвхөн физикийн гэлтгүй математик, хими, биологи зэрэг манай улсад хэрэгтэй гэж үзэж буй, шинжлэх ухаан талын мэргэжлийн ангиудыг дэмжих юм байна. Санаачилга үр дүнгээ өгөх бололтой. Орон нутгийн 800 оноотой элсэгч ч бүртгүүлжээ.
Орон даяар ЭЕШ өгөөд бужигнаж байхад хувийн хэвшлийн ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн сурагчид хэдийн гадаадын их, дээд сургуулиудад суралцах эрхээ авчихсан суух аж. Сургууль, багш нар, эцэг, эхчүүд нь хамтран хүүхдүүдийг эртнээс бэлдүүлснээр ийнхүү суралцах сургуулиа цаг алдалгүй олдог байна. Дунд сургуульд суралцах хугацааг 12 жил болгон ахиулсны хэрэг энд гардаг ч гэхээр. Яагаад гэхээр гадаадын их, дээд сургуулиуд 12 жилийн хугацааны дунд боловсролтой залуусыг хүлээж авдаг.
Эдгээрээс харахад энэ удаагийн ЭЕШ-ын дүн манай улсын төрийн бодлогын алдаа, завхрал, боловсролын салбарын алдаа, оноо, шулуухан хэлэхэд доройтлыг харуулах шиг боллоо.
Багш, сурагчид боломжоороо ажиллажээ. Нийгэм судлалын хичээлийг сайн зааж, сайн сурсан нь дүнгээс харагдлаа. Хувийн өнөөх олон болсон, болоогүй их, дээд статустай сургуулиуд малчдын ноос, ноолуур, малаа борлуулж хүүхдийнхээ сургалтын төлбөрт гэж хадгалсан хэдийг хурааж авах гээд “Манайд сураарай. Хуульч, улс төр судлаач, нийгмийн ажилтан болоорой” гэх зэргээр аль гоё зургаа тавьж байгаад сурталчлан дуудсаар. Тэдгээр сургуулийн эдгээр ангид элсэхийн тулд энэ хичээлээр шалгалт өгөх ёстой тул сайн бэлдсэн байна. Ядаж л улсын ууган, хамгийн нэр хүндтэйд тооцогддог МУИС-ийг сүүлд байгуулсан хувийн хэвшлийн МҮИС-иас ялгах мэдээлэл, ойлголтгүй нөхөд “Орно оо” л гээд ирнэ. Төр гэж байдаг юм бол улсын “ганц” сургуулийнхаа брэнд түүх, туршлага, нэр төрийг хамгаалж, дархлаатай байлгаж чадахгүй, тээглэсэн ч юм даа.
Элсэгчид математик, хими, физик, биологийн хичээлийн шалгалтыг яагаад муу өгөв. Тэд сайтар давтсангүй. Хүүхэд, багш, эцэг, эхийн хэн нь ч хичээсэнгүй. Яагаад гэхээр энэ чиглэлийн мэргэжилтэн болоод яаж амьдрах юм бэ. Хаана ажиллаж, юу хийж, хэрхэн цалинжих вэ, тодорхойгүй. Физик бол хууль, амьдрал. Маш сонирхолтой. Даанч Монголд суралцлаа гэж бодоход ирээдүйн баталгаа байхгүй гэж бодоод сүүлийн жилүүдэд сонгохоо байсан гэлтэй. Мэргэжил олгодог сургууль нь арга ядсандаа боломжийн оноотой элсэгчдийг сургалтын төлбөрийн чөлөөлөлт, хөнгөлөлтөөр уургалах лугаа адил урин залж эхэлсэн байна. Буруу юу байх вэ.
Эрхбиш эмч болохыг зорьдог нь хими, биологийн хичээлээ тусгайлан давтаж, шалгалт өгдөг уламжлал бол хэвээр байх. Түүнээс биш “барьж авах”, зорьж суралцан эзэмших мэргэжил манай улсад төдийлөн байхаа болоод уджээ. Монголоор дүүрэн хуульч, эдийн засагч мэргэжилтэй хоол зөөгчид, лангууны худалдагчид байна.
Хувийн хэвшлийн дунд сургууль төгсөгчид гадаадын их, дээд сургуульд суралцахаар эртнээс бэлтгэж, хүссэн боловсролын байгууллагадаа элсэн суралцах эрхтэй болдог ч ирээдүйд эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллах төлөвлөгөөтэй нь хэд бол. Төгсөөд ирэхэд нь ажлын байр байхгүй, байсан ч тэднийг хүлээж авахгүйг мэдэж байгаа. Төрийн алба төрлийнх болоод удсан. Тэгэхээр хувийн сургууль төгсөгчдийн хэтийн зорилго гадаадад ажиллаж, амьдрах, угтаа тэр чигтээ тэндээ шингэх ирээдүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Ямар мэргэжил эзэмшсэн хэн энэ улсад бүтээн байгуулж, ур чадвараа бодитоор үнэлүүлж, цалин хөлс хангалттай авч, сэтгэл дүүрэн амьдрах вэ гэдэгт хариу олдохооргүй байгаа биз.
Улс орны хөгжлийн ойрын ирээдүйн болон хэтийн “өнгө”-ийг зөв гаргаж, тэргүүлэх салбар, чиглэлээ хөдөлшгүйгээр тогтоон, тэр зүгт хүчийг төвлөрүүлэх аваас хэзээ, хаана, ямар мэргэжилтэй боловсон хүчин хэрэгцээтэй болох нь аяндаа тодорно биз дээ. Элсэгчдээр мэргэжил сонгуулах гэж төрөөс зохицуулах гэж зүдрэх хэрэггүй. Гагцхүү хөгжлийн алсын хараа, ойрын хүрэх цэгээ зөв тодорхойлоод, хамтдаа хүрэх чинхүү зорилго, зорилтуудыг тавих аваас хандах зүг өөрөө тогтох сон. Тэр цагт их, дээд сургуульд элсэгчид хэнээр ч хэлүүлэхгүй, шалгалтуудыг дээд оноотой өгч уралдах болно.