Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Ц.Амарсанааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Прокурорын байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг хоёр ч үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгаж буй бөгөөд мөрдөн байцаалт нь дуусаагүй аж. “Барилгын хөгжлийн төв”-ийн захирал Ц.Амарсанааг буруутгасан нэг үндэслэл нь ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч зориулалт бусаар зарцуулсан гэх үйлдэл аж. МАН-ын гишүүн, улс төрд нөлөө бүхий албан тушаал хашдаг эрхмүүд тус сангаас зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдож, зарим нь ял шийтгүүлсэн. Харин зарим нь хариуцлага хүлээлгүй, албан тушаалд томилогдож, хашиж буйн нэг төлөөлөл нь “Барилгын хөгжлийн төв”-ийн захирал Ц.Амарсанаа гэж хэлж болох нь. Тэрбээр ХАСХОМ-тээ дурдсан “Их улс” ХХК-иараа дамжуулж ЖДҮХС-гаас 2017 оны хоёрдугаар сарын 14-нд 680 сая төгрөгийн зээл авсан юм байна. Үүнийгээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад зээлээ төлсөн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Дээрх үйлдлээс гадна Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн Ц.Амарсанааг шалгаж буй гэнэ. Тэрбээр Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Нүхтийн аманд нэлээд өндөр үнэтэй хувийн сууц худалдан авсан бөгөөд түүнийгээ ямар эх үүсвэрээр авснаа тайлбарлаж, нотолж чадаагүй юм байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ талаар мэдээгүй юү, ямар нэг хариуцлага тооцолгүй өдий хүрч буй аж.
Бэлтгэсэн Г.Равжаа