Иргэн Б.Идэр-Од, О.Мөнхжин нар IHC койныг криптовалютын дөрвөн биржээр дамжуулан өчигдөр арилжлаа. Нэг ширхэг койныг 30 мөнгөөр үнэлэн, бирж тус бүрт 7.5 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Ийнхүү 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий койныг нэг цагийн хугацаанд борлуулжээ. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулах мэдэгдэл гаргалаа. Үүнд “Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулъя. Эдгээр үйл ажиллагаа нь төрийн хяналт, зохицуулалтгүй тул иргэд, олон нийт оруулсан хөрөнгөө алдах, хохирогч болох тохиолдолд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоог бүрдүүлээгүй гэсэн үг. Иймээс криптовалютад хөрөнгө оруулсан тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн өөрөө бүрэн хариуцахыг анхааруулж байна” гэжээ. Криптовалютын биржийн эрсдэлийн талаар Британи, Япон, Герман, Канад, Итали, Хонконг зэрэг улс олон нийтэд анхааруулж, улмаар үйл ажиллагааг хоригложээ. Түүнчлэн олон улсад виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн талаар Европын Холбоо, АНУ, Британи, Австрали, Ирланд, Хонконг зэрэг оронд иргэдэд мэдэгдэж, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савлагаа ихтэй, ямар нэг баталгаагүй талаар байнга анхааруулж байгаа гэнэ. Мөн зохицуулагч байгууллагуудаас гадна Олон улсын валютын сангаас крипто хөрөнгө нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх, үнийн савлагаа, залилан, цахим халдлага зэргээс шалтгаалж, мөнгөө алдах эрсдэлтэй тухай мэдэгдсээр байгаа аж.