Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгалаа. Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусдад нь хамаатайгаар үргэлжлүүлэх нь. Өөрөөр хэлбэл, одоогийн мөрдөж буй улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулсан Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос 0-11 насныханд иммуноглобулин буюу уураг хийх, эсэхийг тодруулахад, “Үүнийг 2000-аад оны эхээр манай улс үйлдвэрлэдэг байснаа зогсоосон. Одооноос дахин үйлдвэрлэж эхлэхээр судалж байна. Иммуноглобулиныг аль ч насны хүнд хийж болдог. Үүгээр дархлааны системийг дэмждэг. Үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлбэл коронавирусийн вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд хийх боломж бүрдэнэ гэж үзэн судалгааны ажлаа эрчимжүүлж байна” хэмээв.
Мөн УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Цаашдаа нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаад явна. Аймаг орон нутагт тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоох бол саналаа УОК-т ирүүлж, түүнийг нь хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн үг. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй зарим төрлийн аж ахуйн нэгжүүдэд цаашид цагийн хязгаарлалт тогтоох байх. Бидний хувьд аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжих чиглэл барьж ажиллаж байна” гэлээ.