Энэ жилийн хүнсний ногооны ургац хураалтын ажлын явц одоогоор 40 хувиас давж, шинэ ургацын, бүх төрлийн бүтээгдэхүүн нийслэлд “ирээд” багагүй хугацаа өнгөрлөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас одоогоор зургаан дүүргийн 15 байршилд “Алтан намар” монгол ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, талбай гаргаж өгчээ. Тариалан эрхлэгчдийг бүтээгдэхүүнээ төвөг чирэгдэл багатай, нэг дороос борлуулахад дэм болохын зэрэгцээ иргэдэд эх орондоо тарьж ургуулсан, чанартай, болж өгвөл хямд үнэтэй хүнсний ногоо худалдан авах боломж бүрдүүлэхийг зорьдог. Зарим талбайд борлуулж байгаа ургацын үнэ, “өнгө зүс”, худалдаачид болон худалдан авагчдын сэтгэгдлийг сонирхлоо.
Өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн III хороон дахь, бидний нэрлэж заншсанаар “1000 машины зогсоол”-д очив. Тус дүүрэгт хоёр цэгт монгол ногооны худалдаа гаргаж буй бөгөөд хамгийн том нь “1000 машины зогсоол” юм байна. Тэнд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Ховд зэрэг аймгаас ирсэн аж ахуйн нэгж, иргэд бүтээгдэхүүнээ борлуулж буй гэсэн. Төмс, манжин, лууван, байцай зэргийг торон болон олсон шуудайд хийн газарт өржээ. Нарийн ногоогоо гялгар уут, эсвэл модон хайрцагт савлан хүний бүсэлхийнээс доод түвшинд, эсвэл газарт байрлуулсан нь салхитай өдөр болоод ч тэр үү тоос шороонд дарагдан ариун цэврийн шаардлага хангаагүй, үзэмж муутай харагдсан. Төмс, лууван бөөнөөр худалдан авахаар сонирхож байсан нэгэн “Өчигдөр (даваа гарагт) 50 орчим кг-аар савласан нэг шуудай төмс 25 000, лууван 95 000 төгрөг гэсэн ч өнөөдөр 5000-аар нэмэгдсэн байна. Борлуулагчаас нь асуухад төмс, луувангийн нийлүүлэлт багассан гэлээ. Нэг өдрийн дотор хэд гурван мянган төгрөгөөр үнийг нь өсгөчихдөг наймаа гэж байх уу” хэмээн бухимдангуй хэлсэн. Тэгвэл лууван, төмс, бууцай, өргөст хэмх бөөнөөр борлуулж байсан Г “Бөөний ногооны үнэ өдөр өдөрт хэлбэлздэг. Учир нь өмнөх өдөр нь нийслэл рүү тээвэрлэн авчирсан бүтээгдэхүүний хэмжээ багассан бол маргааш нь эрэлт ихсэн, үнэ нь нэмэгдэх магадлалтай. Сэлэнгэ, Орхон аймагт үер болж төмс, луувангийн талбай усанд автан, их хэмжээгээр муудаж, хэрэгцээгүй болсноос нийлүүлэлт удааширсан. Ирэх өвөл, хавар төмс, лууван ховордон, үнэ нь сүүлийн жилүүдийн дунджаас нэмэгдэх төлөвтэй” гэлээ.
“1000 машины зогсоол”-д жижиглэнгээр ногоогоо борлуулагчид аравдугаар сарын дунд үе хүртэл буюу гурван сараар тооцон хог хаягдлын төлбөрөө оролцуулан 600 000 төгрөг төлж буй аж. Тэгэхээр өдөрт 6000 орчим төгрөг зарцуулан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь боломжийн дүн гэлтэй. Гэсэн ч хүнсний ногоо, ялангуяа нарийн ногооны үнэ өндөр байгаа юм. Тухайлбал, Өмнөговьд тарьсан улаан лооль 7000-9500, амтат чинжүү 7000-8000, өргөст хэмх 1000-3000 төгрөгийн үнэтэй байсан нь зарим супермаркет, хүнсний дэлгүүрүүдэд цэвэрлэж, савлаад тавьсантай бараг ижил дүн. Мөн улаан саримс, мөөг, зөгийн бал зэргийг багц болон шилээр нь 20 000-35 000 төгрөгөөр зарж буй нь өнгөрсөн оны наймдугаар сард борлуулж байснаас 5000-10 000-аар нэмэгдсэн гэсэн үг. Энэ жил ногооны үнэ яагаад ийм өндөр, үзэсгэлэн худалдааны үед ч хямд биш байгаа тухай Ховд аймгийн тариаланч, амтат гуа, тарвас болон хүнсний ногоо борлуулагч А.Аманжол “Үзэсгэлэн, өргөтгөсөн худалдаа гэхээр л бүтээгдэхүүн нь хямд гэсэн үг биш. Ногоочид бид бүтэн жилийн орлогоо ургацаа борлуулах үед олдог гэхэд болно. Хэрэв ган гачиг болж, ургац муу авбал “шатах” эрсдэлээ ч үүрдэг болохоор үйлдвэрлэгчид үнээ өөрсдөө тогтоох нь зөв биз. Эх орныхоо хөрсөнд тарьсан, цэвэр байгалийн гаралтай, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүний тээврийн болон бусад зардлыг хасаад хамгийн боломжит үнээр санал болгож байгаа” гэлээ. А.Аманжол нэг кг тарвасыг 1900, амтат гуаг 4000, төмсийг 600, лууван болон хүрэн, шар манжинг 2000 төгрөгөөр зарж байв.
Чингэлтэй дүүргийн V хороо буюу Ялалтын талбайд “Алтан намар” үзэсгэлэн болж буй. Өчигдөр 11.00 цагийн үед тэнд худалдан авагч багатай ч ногоочид нь бүтээгдэхүүнээ дэлгэн, наймаагаа эхлүүлж байв. Үнийн хувьд дээр дурдсанаас зарим бүтээгдэхүүн нь арай ахиу үнэтэй байна билээ. Тодруулбал, нэг кг улаан лоолийг 8000-10 000, өргөст хэмхийг 3000, салатны навчийг 8000, төмсийг 600-700, манжин, лууван, сонгиныг 2600, байцайг 1300-1400, цэцэгт байцайг 4000-4500 төгрөгөөр үнэлжээ. Тарвас болон амтат гуа кг нь 2000-4500 төгрөг бол амтат чинжүү 9000-10 000 гэсэн. Тус талбайд бүтээгдэхүүнээ борлуулж буй хүмүүс ямар нэгэн түрээс, татвар төлөхгүй юм. Харин хувь хүмүүсээс өдрийн 20 000 төгрөгөөр асар түрээслэн авч, шөнө нь асартаа ногоогоо хадгалж, манаж хонодог аж. Сэлэнгээс ирсэн Г.Ариунхишиг “Бид төлбөр хураамж төлөхгүй байгаа. Миний ойлгосноор нийслэлийн аль ч дүүрэгт зааж өгсөн талбайд ногоо борлуулж буй иргэн, аж ахуйн нэгж талбайн түрээс улсад төлөхгүй” гэв. Тэгвэл Төв аймгаас ирсэн Б.Нямцэцэг “Би дөрөв дэх удаагаа Улаанбаатарт үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ жил илүү олон байршилд талбай гаргаж өгч, ногоочдыг бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангалаа. Харин бүх төрлийн ногооны үнэ өндөр байгаа талаар иргэд гомдоллож байна. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээврийн зардал нэмэгдсэн. Мөн ачигч, туслах ажилчинд өгөх хөлс ч өнгөрсөн жилийнхээс ахисан. Бас тариалангийн голлох бүс нутгаар хавар, зун бороо хур их орсноос шалтгаалан ногооны болц гүйцэхгүй давжаа, жижиг хэмжээтэй болж, хаягдал ихэслээ. Түүнчлэн өнгөрсөн жилийнхээс иргэдийн худалдан авах чадвар муудсан, орлого тааруу байна. Хаана хаанаа асуудал их байна шүү дээ” гэв. Ялалтын талбай дахь үзэсгэлэн худалдааны өнгө төрх “1000 машины зогсоол”-ынхоос арай дээр ч задгай савлагаатай нарийн ногоонууд нь шороонд да рагдан, өнгө үзэмж муутай харагдсан.
Улс орны өнцөг булан бүрт газар тариалан эрхэлж буй иргэд хүсвэл нийслэлд ирж ногоогоо борлуулах боломж олгож буй. Өмнөх онуудад дүүрэг бүрт тариалан эрхлэгчдэд зориулж 1-2 талбай бэлтгэдэг байсан бол энэ намар тоог нь олшруулсан. Харин үзэсгэлэн худалдаагаар өмнөх жилүүдийнхээс илүү цэвэрхэн орчинд, өргөн сонголттой, арай хямд бүтээгдэхүүн худалдан авахаар зорьж очсон ч бодит байдал дээр бүх төрлийн ногооны үнэ өндөр, орчин нөхцөл нь ч иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгаад гомдоллох хүн цөөнгүй байна. Ташрамд дурдахад, “Алтан намар” үзэсгэлэнг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж, тариаланчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулан, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулж, баталгаат жин хэмжүүр ашиглаж буй, эсэхийг нь хянаж байгаа аж.