Монголын дугуйн холбооны нэрэмжит зэрэг ахиулах уралдааныг Төв аймгийн Батсүмбэр сумын замд энэ сарын 21-22-нд зохион байгууллаа. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 25, бөөн гараат 120 км-ийн уралдаанд 95 дугуйчин хурд сорив. Эрэгтэйчүүдээс “Team OGGI” багийн тамирчин, ОУХМ Э.Болор-Эрдэнэ ганцаарчилсан, 25 км замын уралдаанд 32:12 цагийн амжилтаар тэргүүлж, Э.Билгүүнжаргал (33:00), “Хубилай” клубийн Б.Идэрболд (33:36) нар удаалсан. Эмэгтэйчүүдээс “Хубилай”-гийн А.Сочигэрэл (41:53) түрүүлж, “Дугуйтай Дархан”-ы Б.Отгонтуяа (46:29) II, Ц.Булга-Эрдэнэ (47:24) III байрт шалгарчээ. Сонирхуулахад, энэ сарын 6-17-нд болсон ОУХМ Я.Баатарын нэрэмжит “Монголын олон өдөр-2021” тэмцээнд Э.Болор-Эрдэнэ шар, улаан, ногоон цамцны эзэн болсон бол багийн төрлийнхөд (50 км) түүний харьяалагддаг “Team OGGI” аваргаар тодорчээ.