Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өчигдөр Солонгос, Монголын “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ингёныг хүлээн авч уулзлаа. Манай Засгийн газар 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталсан. Үүний хүрээнд 2035 он хүртэл Монгол орны баруунаас зүүн зүгийг холбосон говь цөл, тал хээрийн бүсийн заагт элсний нүүдэл, цөлжилтөөс хамгаалах үндсэн болон туслах зурвас бүхий 3700 км урттай, 200 мянган га-гаас доошгүй ойн зурвас байгуулах юм. Харин нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаад 40 га газарт иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулан Монгол, Солонгосын найрамдалт цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан.
Эл төслийн III шат болгож, Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулах төлөвлөгөөтэй байгаагаа захирал Сон Ингён хэллээ. Тэрбээр “Мод тарих нь чухал ч ургуулах нь хамгийн гол ажил. Ойжуулах төслийн үр дүнг сайжруулахын тулд иргэдийг татан оролцуулах хэрэгтэй” гээд нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар дан ганц хүн амын өсөлтөөр бус, хот бүхэлдээ өргөжин тэлж байгаа. Хотын хөгжил байгаль орчинд ээлтэй байх ёстой. Орон сууцын томоохон хороолол, нийтийн эзэмшлийн барилга, гудамж, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ч үүнийг хамт хийх ёстой” гэв. Улмаар тус төслийнхөнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтад оролцсон “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд нийслэлд байгуулж буй зургаан дэд төвийн төлөвлөлтөд ногоон байгууламжийг орхигдуулахгүй гэв