Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас цаг үеийн зарим асуудлын талаар тодрууллаа.
-Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ ажил төлөвлөсний дагуу явж байна. Зуны турш нийт нутгаар бороотой байлаа. Тэглээ гээд бүтээн байгуулалтын ажил зогсоогүй. Аравдугаар сарын сүүлч хүртэл ажиллана. Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлж буй эхний үе шатын 112 км замыг бүрэн хучсан. Яах вэ, алдарт хоёр, дөрөвдүгээр багцад байсан компанитай байгуулсан гэрээ цуцалж, дараагийн гүйцэтгэгч нарыг тодруулан, олон улсын тендерийн шаардлагын дагуу гэрээ байгуулах шатандаа явж байна. Ингээд ажил урагшилна даа.
-Тэгэхээр хэзээ дуусна гэсэн үг вэ?
-Ер нь 2022 оны намар гэж тодорхой хэлээд байгаа шүү дээ. Энэ жил Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багц хөрөнгө оруулалтад хамаарах замыг түрүүчээс нь хучна. 37 км-ээс бараг 25-ыг нь хуччих болов уу. Далан барих ажил сайн явж байна.
-Төв аймгийн Лүн сумын авто замыг хэзээ засах вэ?
-Лүнгийн зам урсаагүй. Буруу мэдээлэл яваад байна лээ. Уржигдар газар дээр нь ажиллаад ирсэн. Лүнгийн замаас цааш салсан уулын гүүрнээс Хөвсгөл, Архангай явах чиглэлийн замын өгсөж буй хэсэгт үер буусан байсан. Доошоо гурван метр орчим зам идэгдсэн байна. Тэндхийн далангийн суурийн доод үе тэр чигээрээ элс юм билээ. Тийм газрыг яалтай билээ. Ёстой л байгалийн давагдашгүй хүчин зүйл юм. Өчигдрөөс түр зам тавиад, дүүргэлт хийж байгаа. Долоо хоногийн дараа дүүргэлтүүд нь харьцангуй гайгүй болоод, хуучин трассаар машин явах нөхцөл бүрдчихнэ.
-Замын-Үүд болон бусад боомтоор ачаа бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ?
-Энэ гацаа ганцхан Монгол Улсад үүссэн юм биш. Хятад, Казахстаны хил дээр ч ийм асуудал үүссэн. Жишээлбэл, манайх өдөрт Замын-Үүдээр 120 машин оруулж байна. БНХАУ 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулна. Удахгүй олимп болох гэж байгаа учраас тэр хүртэл дотоодын тархалтаа бүрэн зогсоохоор ажиллаж байгаа. Нэг үеэ бодвол Эрээнд үүссэн асуудал харьцангуй гайгүй болсон. Тяньжинд үүссэн саатлын хувьд өдөрт нэг галт тэрэг явж байгаа. Монголд ойр бусад боомтыг ашиглах чиглэлд манай тээвэр зуучийн компаниуд төрөөс бодлогын үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Магадгүй Алс Дорнодын боомтууд байж болно шүү дээ. 1990-ээд оны үед зах зээлийн эдийн засагт шилжиж гадагшаа, дотогшоо худалдаа хийж байхад Алс Дорнодын боомтоос Монгол руу хамгийн их ачаа ирдэг байсан шүү дээ.
-ИНЕГ-ын удирдлагыг хэзээ томилох вэ?
-Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна.
Бэлтгэсэн Н.Уран