Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саигтай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Мөн энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, Монгол Улс Абу-Даби хотноо Элчин сайдын яамаа нээхээр ажиллаж байгааг дурдлаа. Түүнчлэн тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван цэцэрлэгт хэрэгжүүлсэн төсөл амжилттай өндөрлөсөнд талархал илэрхийлж, манай хүүхэд, багачуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа уламжлав.
Сайд Ахмед Бин Али Аль-Саиг хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад хоёр улс давхар татварын хэлэлцээртэй байх нь чухал ач холбогдолтойг онцоллоо. Сайд нар ирэх сард болох НҮБ-ын чуулганы үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор ярилцсан байна.