Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт энэ сарын 15-ны байдлаар 9.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 5.4, импорт 4.1 тэрбум “ногоон”-д хүрснийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Манай улс өнгөрсөн жилийн мөн үед дизель түлшийг 256 сая ам.доллароор импортолсон бол энэ онд 343.3 сая болж нэмэгджээ. Мөн ачааны автомашиных 147.1 сая “ногоон” байсан бол энэ жил 306.2 саяд хүрсэн байна. 2021 он гарснаас хойш энэ сарын 15-ны байдлаар суудлын автомашиныг 236 сая ам.доллароор импортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 55.9 саяар илүү дүн аж. Үүнээс гадна автобензинийг 172.8 саяар авсан нь өнгөрсөн онд 145.2 сая ам.доллар байснаас өссөн үзүүлэлт болов. Мөн эрчим хүчийг 86.5 сая “ногоон”-оор импортолсон нь өмнөх жилийнхээс 5.5 саяар нэмэгдсэн гэсэн үг.
Манай экспортын дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгвэл 2021 оны эхнээс энэ сарын 19-ний байдлаар төмрийн хүдрийн экспорт 4.84 сая тоннд хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 484.9 мянган тонн буюу 9.1 хувиар багассан дүн гэдгийг салбарын яамнаас өчигдөр мэдээллээ. Мөн алт худалдан авалт энэ хугацаанд 11.7 тонн болсон нь 2020 оны мөн үед дээрх тоо 14.5 тонн байснаас 19.8 хувиар буурсан гэсэн үг. Түүнчлэн зэсийн баяжмалын экспорт 806.5 мянган тоннд хүрсэн нь жилийн өмнөхөөс 58.9 мянгаар (6.8 хувь) доогуур үзүүлэлт болов. Харин газрын тосны экспорт энэ хугацаанд 3.3 сая баррель болж 108 хувиар (1.7 сая баррель) нэмэгджээ.