БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс импортлохоо зогсоогоод байна. Ийм арга хэмжээг ирэх сарын 6 хүртэл 14 хоногийн хугацаанд авахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт хилээр нүүрс нэвтрүүлэхээ зогсоосон гэнэ. Эх сурвалжууд ийм шийдвэр гаргасан нь Өвөрмонголын өөртөө засах орны (ӨМӨЗО) Баяннуур аймгийн дарга солигдсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Мөн Өмнөговь аймагт коронавирусийн дельта хэлбэрийн халдвар бүртгэгдсэнтэй холбон ярьж буй. Гашуунсухайт-Ганцмодны боомтын цаана буюу Хятадын талд ч шинэ коронавирусийн халдвар тархсан гэсэн мэдээлэл ч ирэв.
Гашуунсухайт-Ганцмодны боомтын зөвлөлөөс өгсөн мэдээллээр ямар учир шалтгааны улмаас нүүрс худалдан авахаа зогсоосноо Хятадын Баяннуур аймгийн засаг, захиргаа албан ёсоор тайлбарлаагүй байгаа аж. “Манай улс 14 хоногийн хугацаанд Монголоос нүүрс худалдаж авах шаардлагагүй боллоо” гэж бүрхэг тайлбар өгчээ. Нүүрс хилээр нэвтрүүлэхийг өнгөрсөн бямба гарагт зогсоосон. Тэгвэл коронавирусийн дельта хэлбэрийн халдвар Өмнөговь аймагт өнгөрсөн ням гарагт бүртгэгджээ. Иймээс нүүрс худалдаж авахаа зогсоосон нь үүнтэй холбоогүй гэж эх сурвалжууд таамаглаж байна. Нөгөөтээгүүр, боомтыг бүрэн хаагаагүй. Гашуунсухайт-Ганцмодны боомтоор зэсийн баяжмал нэвтрүүлсээр байгаа аж.
Монгол Улс болон БНХАУ-ын хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу хилийн боомтыг хаах шийдвэр гаргаж байгаа бол тав хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй юм байна. Хятадын тал хилээр нүүрс нэвтрүүлэхийг гэнэт зогсоосон нь гэрээ хэлэлцээрээ зөрчсөн явдал гэж Гашуунсухайт-Ганцмодны боомтын зөвлөл үзэж буй гэнэ. Тиймээс хэлэлцээрийн дагуу ажиллахыг Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймгийн засаг, захиргааны холбогдох хүмүүст анхааруулсан байна. Түүнчлэн Монгол Улсаас Хөх хотод суугаа ерөнхий консулаар дамжуулан, ӨМӨЗО-ы засаг, захиргаанд хандаад байгаа аж. Гэтэл энэ бол аймгийнх нь удирдлагатай ярилцаж шийдвэрлэх асуудал гэсэн хариулт өгчээ.
Боомтын зөвлөлөөс ийм мэдээлэл өгөв. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас илүү тодорхой мэдээлэл өглөө. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Өмнөговь аймагт коронавирусийн халдварын тохиолдол 600 орчим бүртгэгдсэн. Тиймээс Гашуунсухайт-Ганцмодны боомтоор дамжиж, хил залгаа Баяннуур аймагт халдвар тархах магадлалтай байгаа учраас нүүрс нэвтрүүлэхийг 14 хоно гийн хугацаанд хориглох санал гаргасан гэжээ. Уг саналыг Баяннуур хотын коронавирусийн халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах хорооноос гаргасан гэнэ. Энэ нь эцсийн шийдвэр биш, санал учраас хоёр тал ойлголцоод 14 хоногийн хугацааг дуусгалгүй боомтоор нүүрс нэвтрүүлэх боломжтой юм байна. Нүүрсний экспортыг Хятадын талаас зогсоосон үйл явдлыг тойрсон мэдээлэл энэ мэтээр зөрүүтэй байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яам болон Гашуунсухайт-Ганцмодны боомтын зөвлөлийн удирдлагад учир шалтгааныг тодруулж, өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэгджээ. Тэгэхээр ямар учир шалтгааны улмаас Хятадын тал манайхаас нүүрс импортлохоо зогсоосон нь илүү тодорхой болох биз.
Экспортлогч компаниуд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор чингэлгээр нүүрс гаргахаар зэхэж байв. Компаниудад хилийн зурвас хэсэгт 30 га газар гаргаж өгсөн. Тэнд халдвар хамгааллын дэглэм сахиулаад, өдөрт 500 чингэлэг нүүрс экспортлох нөхцөл бүрдүүлсэн. Нүүрсний чингэлэг тээврийг бараг энэ долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байлаа. Гэтэл Хятад улсын ааш аягаас хамаарч хойшло хоор болов. Эх сурвалжууд Гадаад харилцааны яамныхан яриа хэлэлцээ хийж, үүссэн асуудлыг зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Нүүрсний экспортыг яаралтай үргэлжлүүлэх, цаашлаад нэмэгдүүлэх, эсэх нь дипломат ур чадвараас шалтгаалах бололтой.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын энэ оны долдугаар сарын эцсийн байдлаарх нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан. Үүнээс үзвэл, манай улс энэ оны эхний долоон сард 1.1 тэрбум ам.долларын нүүрс экспортолжээ. Өнгөрсөн оны эхний долоон сард манай улс 880 сая ам.долларын үнэ бүхий нүүрс экспортолсон байна. Ийнхүү нүүрсний экспорт 234 сая ам.доллароор нэмэгдэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр энэ сарын 19-ний байдлаар 10.8 сая тонн нүүрс экспортлоод байна. Өнгөрсөн оны мөн үед 13.3 сая тонн нүүрс экспортолж байжээ. Үүнтэй харьцуулбал, 2.5 сая тонноор бага нүүрс экспортолсон ч илүү орлого олсон байгаа биз. Энэ нь дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өссөнтэй холбоотой. Тавантолгойн ордод олборлолт хийдэг компаниуд уурхайн амнаас тонн нүүрсээ 70 орчим ам.доллароор борлуулж байна.
Манай улсын нүүрс экспортлогч хамгийн том компани “Эрдэнэс Тавантолгой”. Тус компанийн нүүрсний экспортын төлөвлөгөө 45 хувиар тасарчээ. Чингэлгээр нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлснээр энэ оны сүүлийн улиралд төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж удирдлага нь ярьж байсан. Учир нь “Эрдэнэс Таван толгой” компани өмнө нь оны сүүлийн улиралд зургаан сая тонн нүүрс экспортолж байсан туршлагатай юм. Гэвч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, эсэх нь Хятадын талаас шууд хамаарна. Тэднийх өмнө нь Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт 90 орчим машин нүүрс нэвтрүүлэх эрх олгож байсан. Хилээр нэвтрүүлэх машины тоог энэ хэвээр байлгавал төлөвлөгөө биелүүлж чадахгүйд хүрнэ.
Өмнөговь аймагт коронавирусийн халдвар олныг хамарч тархвал хятадууд хилээ хаах нь өдгөө үүссэн нөхцөлөөс тодорхой харагдаж байна. Тэгэхээр Засгийн газар “Ковид-19” өвчинтэй тэмцэх ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай. Өмнөд хөршийнхөнд коксжих нүүрс худалдаж авахаас илүү коронавирусийн халдварыг дотоодод тархаахгүй байх нь чухал гэдэг нь илэрхий харагддаг. Нүүрсний экспортын орлого манай улсын эдийн засагт маш дэмтэй нь ойлгомжтой. Тиймээс эдийн засгаа өсгөх, иргэдийнхээ амьжиргааг хамгаалах бодолтой байгаа бол “Ковид-19”-тэй эрчимтэй тэмцэхээс өөр аргагүй. Хятадын талаас нүүрс нэвтрүүлэхээ зогсоосон нь маш том анхааруулга боллоо.