“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд өчигдрийн байдлаар “Торгон хийц” компанид үйлдвэрлэсэн бага ангийн сурагч охидод зориулсан цамц, зангиа, даашинз буюу иж бүрэн дүрэмт хувцас 88 000, хөвгүүдийн дөрвөн хос нь 117 000 төгрөгийн үнэтэй байв. Харин дунд ангийн охидын хүрэм, юбка, цамц, зангианы хослолыг 133 000, хөвгүүдийн хүрэм, өмд, зангиа, цамцыг 144 000-аар үнэлжээ. Тэгвэл ахлах ангийнхны дүрэмт хувцсыг иж бүрнээр нь 159 000 болон 175 000-аар борлуулж байгаа аж. Аль үйлдвэрийнх гэдгээс нь хамаарч дотоодод үйлдвэрлэсэн, сурагчийн өмд, цамц, хүрэм, даашинз тус бүрийг 1000-3000 төгрөгийн зөрүүтэй үнээр борлуулж байна. Харин БНХАУ-д оёсон дүрэмт хувцсыг иж бүрнээр нь дотоодынхоос 40 орчим хувийн хямд үнээр “Нарантуул”, “Хархорин” зэрэг захаас худалдан авч болох аж. Ташрамд дурдахад, сурагчийн иж бүрэн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс 20 000 төгрөгөөр өсжээ.