АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “World learning” олон улсын ТББ тав дахь жилдээ “LEAD Mongolia” хөтөлбөрийг зохион байгуулж буй. Тус хөтөлбөрийн 2020 оны байгаль орчин, хотжилтын багийн гишүүд Баянзүрх дүүрэг дэх охид, эмэгтэйчүүдийн хамгаалах байрны хэрэгцээнд зориулж “Ирээдүйг гэрэлтүүлье” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн хүрээнд таван кВт-ын хүчин чадалтай, нарны эрчим хүчний бага чадлын систем суурилуулжээ. Энэ нь цахилгаан тасарсан үед нам даралтын зуух болон төвийн гэрэлтүүлгүүдийг эрчим хүчээр хангах нөөц эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэх гэнэ. Ингэснээр цахилгаан тасарсан үед зуухнаас цогшсон нурам зөөвөрлөх тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэхээс гадна 5-10 цагийн турш тус төвийг цахилгаанаар хангах давуу талтай. Тоног төхөөрөмжүүдийг 10-аас дээш жил (батарей 10 жил хүртэл, нарны дэлгэц 30-аас дээш жил) ашиглах боломжтой юм байна.
“Ирээдүйг гэрэлтүүлье” загвар төслөөр дамжуулан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагад (асрамжийн газар гэдэг ч юм уу, мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ч хамаатай) дээрх боломжийн талаар таниулах, улмаар сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг сурталчлах, цахилгаан хэмнэх, эрчим хүчний салбараас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахыг зорьж буй аж. Уг төслийг Олон улсын хөгжлийн агентлаг бүрэн санхүүжүүлсэн бөгөөд үүнд тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах, гурван жилийн даатгал, ижил төстэй бусад байгуулагад зориулсан мэргэжлийн сургалт зэрэг багтсан гэнэ. Дээрх төслийн хүрээнд “Бага оврын нарны зайн системийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг ирэх баасан гарагт 11.00 цагт цахимаар үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ. “LEAD Mongolia” хөтөлбөрийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах уг сургалтад “Zoom”-ээр оролцож болох нь.