Залуус олон улсад спорт, урлагийн талбарт, төрөл бүрийн мэргэжлийн олимпиадад амжилт гаргаж, улсынхаа нэрийг мандуулах болсон. Дэлхийн аль сайн компани, тэр дундаа өнөөх алдартай “Майкрософт”, “Амазон”-д хэдэн арваараа долларын тэрбумтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж ч байна. Түүнийгээ их юманд бодож, цээж дэлддэггүй. Хувь хүнээс өндөр хариуцлага шаарддаг нийгэмд хэдийн хөлөө олчихоод эгэл даруугаар амьдарсаар. Боловсрол, эрдэм мэдлэг, ажил хэрэгч байдал, санасан зорьсондоо хүрэх тэмүүлэлтэй нь эх орондоо ч хийж, бүтээн, туурвиж, үр өгөөжийг нь өөрсдөдөө болон нийгэмд хүртээдэг нь мөн олон. Энэ бүхний зэрэгцээ манай улсын хүн амын 33.7, хөдөлмөрийн насны хүмүүсийн 46.5 хувийг бүрдүүлдэг залуусыг нийтэд нь авч үзэхэд хүний, амьдралын, хүсэл зоригийн ч тэр чанарын хувьд ихээхэн алдагдалтай болсныг бид харах болов. Зарим үед халаглаж сууна.
Ажил хийхгүй, ээж, аавдаа ачлалгүй, эмээ, өвөөдөө энэрэлгүй, үр хүүхдэдээ хайхрамжгүй, үндсэндээ хүний нүүр, мөсөөр таа руу, тэгсэн хэрнээ мууд “сайн”, “сайн”-д муу гэрийн тэжээмлүүд олон болжээ. Хөгшчүүдийнхээ тэтгэврийн хэд, хороогоор дамжуулан олгодог төрийн халамжийн хүнс зэргээр амь зогоон өдөр, хоногийг өнгө рөөх хэрнээ мөрөөрөө байхгүй. Худал ярьж, хулгай хийнэ, архи, тамхи, мансууруулах бодист тархиа мэдүүлнэ, сүүлдээ бүр амиа хорлох болов. Идэр эрчүүд, залуу бүсгүйчүүд ялгаагүй ухамсар, ёс суртахуунаар дорой, соёл, харилцааны доголдолтой, ухвар мөчид өөрсдийгөө өргөж, амьдрал туулсан ахмадууд, аав, ээжийнхээ үеийнхнийг мухар сохроор дорд үзэх хандлагатай. Эмэгтэйчүүдийн дунд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт жирийн үзэгдэл болсныг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон судалгааны төвүүдийн мэдээлэлд дурдсан нь олон. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нь эрүүл мэндийн хохиролтой, хувь тавилангийн ч учир жанцантай бөлгөө.
Түрүүчийн нийгмийн бүтээгдэхүүн, өдгөө хижээл насны иргэд тухайн үед залуус бүхий л салбарт манлайлан түүчээлж, бүтээн байгуулж, товчхондоо нийгмийг сайн үйлсээр байлдан дагуулж байсныг мэднэ. Энэ насныхан тэр үед өөрсдөө залуусын бүлэгт багтаж байсан билээ. Илгээлтээр явж мал хариулан, тариа тарьж, Дархан, Эрдэнэтийг бүтээн байгуулахад гар бие оролцож явахдаа хүний, амьдралын, хүсэл зоригийн ч хувьд ч чанарлаг, итгэж, найдаж болох их хүчин байв. Ардчилсан нийгмийн сураг ч байгаагүй тэр үед хамтын хүчээр социализмыг бүтээн байгуулах их үйлсдээ ухамсар, ёс суртахуунтай, хариуцлагатай ханддаг байлаа. Нийгэм өөрчлөгдөхөд эдгээр ухагдахуун өөр ямар нэг зүйлээр солигдох ёстой байсан уу. Үгүй юм. Хүн төрөлхтний үнэт зүйлс аль ч нийгэм оршин тогтнохын үндэс байсаар ирсэн. Солих, сайн “барааны” сонголт байхгүй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засгийн тогтолцоот ардчилсан нийгэмд хөл тавихдаа хаана, хаанаа барьц алдсанаас, алдаа, дутагдлаа засахгүй олон жил бугшуулснаас өнөөдөр залуусаа зүхэж сууна бус уу. Манай улсад 15-34 насны залуучууд хүн амын гуравны нэгээс илүү, хөдөлмөрийн насны хүмүүсийн бараг тал хувийг эзэлж байхад нийгмийн энэ бүлэгт төрийн зүгээс анхаарал ор нэрийн төдий тавьж ирсэн нь өнөөгийн залуус түрүүчийн нийгмийнхэнтэй харьцуулахад бүхий л талаар чанаргүйдэхэд нөлөөлсөн гэлтэй.
Сурлагын, ажил гүйцэтгэлийн, амьдралын чанар гэдэгтэй агаар нэгэн байдлаар залуучуудын “яс”, чанар муудсаныг олон жишээгээр нотолж болно. Сонгуульд санал өгөхгүй, цар тахлын эсрэг вакцин хийлгэхгүй, хөдөлмөр эрхлэхээр тааруу, ажил хийхдээ “гурилдчихаад” түүндээ сэтгэл огтхон ч зовохгүй, хэлсэн, ярьсандаа байхгүй, үүнийгээ юман чинээ тоохгүй, бусдыг дуурайхдаа хэлбэр талаас хандан, агуулга, мөн чанар руу өнгийх ч үгүй. Гар утасгүй хүн байхгүйтэй адил компьютергүй нь ч цөөн байх. Технологийн дэвшлийн үр шимийг хүртэгчийн хувиар интернэт орчноос мэдлэг, боловсролд нэмэртэй мэдээлэл хайж, ядаж л гадаад хэл сурах гэж оролдохгүй. Элий балай гэхээр мэдээлэл бусдадаа түрүүлж хүргэсэн нь тухайн өдрийн болоод хэсэгтээ л баатар болох маягтай. Энэ мэтээр амьдралынхаа үе шат, алхам бүрт аль болох хөнгөн хийсвэр хандаж, аргацаан, хуурч, “хулхидсаар” эцсийн дүнд арчаагүй нэгэн болж хувирч байна. Хэрэг явдал буруу тийш даялсаар байх аваас дээр дурдсанчлан элдэв гэмт хэрэгт орооцолдох магадлал өндөр билээ.
Саяхан нэг найз минь байраа засуулсан юм. Хамгийн түрүүнд ханын цаасыг нь солиулахаар интернэтээс хайж олсон 25 орчим насны залууд даатгажээ. Тэрбээр туслахтайгаа ирж, яриа хөөрөө хийгээд ажилдаа орж. Бүх өрөө, коридорын цаасыг солино гэсэн ам гэрээтэй. Хэдэн цагийн дараа өрөөнүүдийнх нь болоод явчихсан аж. Харин коридорынхыг наах гэтэл цавуу нь хүрэхээ байсан гэнэ. Тэгсэн ч найз маань “Цавуу дутуу авсан нь миний буруу болохоор ажлын хөлсийг чинь бүрэн өгье” гэхэд өнөөх залуу “Та юу ярьж байна аа. Зөвхөн өрөөнүүдийнхийг л наана гэж ярьсан биз дээ” гэж улайм, цайм ундууцсанаа мөнгө шүүрч аваад хурдхан гарчээ. Найзын сэтгэл бол талаар болсон.
Маргааш нь бас нэг залуу олж, өнөөх үлдсэнийг наалгаад, цонхнуудаа будуулахаар болж гэнэ. Өнөөх залуу эхнэртэйгээ хамт ирсэн тул ханын цаасыг нүд ирмэхийн зуур гэхээр хурдан наачихаж. Тэгснээ ”Эгч ээ, маргааш будна. Харин та өнөөдрийн ажлын хөлсийг өгчих” гэснээ, даварч нийт төлбөрийн талыг авчээ. Тэд маргааш нь ирээгүй. Утас нь таг. Нөгөөдөр нь холбогдтол ухаантай юм уу, үгүй юм уу гэхээр согтуу байх юм гэнэ. Тэгснээ “Эгч ээ, бааранд барьцаанд байна, авраач, арван мянгыг шилжүүлчих тэгэх үү” гэхээр нь найз бас л өгчээ. Гэтэл тэр залуу ер ирээгүй. Найз цонхнуудаа өөрөө будав. Дараахан нь хана өрөмдөх, цахилгааны холболтуудыг янзлуулахаар бас нэг залуу урьжээ. Ирсэн хүн ханануудыг өрөмдөж, тогтоохыг гүйцээсэн ч цахилгааны талын засвар, үйлчилгээг маргааш нь хийхээр болсон бөгөөд мөн л ажлын хөлсний талыг авч гэнэ. Гэтэл тэр залуу гуйлгуулан байж, гурав хоногийн дараа дуртай, дургүй ирж хийж өгч. Найз минь эрхбиш хаширсан байлгүй. Энэ бол өнөөгийн залууст нийтлэг үзэгдэл. Залуус чанараар муу болсны ганцхан жишээ гэхэд ийм байна. Ажил хийх гэж оромддог, юм л бол тухайн үедээ болж байвал дараа нь яах нь хамаагүй гэсэн сэтгэлээр аливаад ханддаг нөхөд өдөр, хоногийг яаж өнгөрөөдөг юм бол гэхээр. Ийм сэтгэлгээ нийгэмд газар авсан. Үүнээс үзэхээр залуусын чанар, “өгөөж”-ийг дээшлүүлэхэд хэн нэгэн анхаарч, арга хэмжээ авахыг цаг үе шаардаж байх шиг. Чухам хэн бэ, ямар байгууллага вэ. Хүүхэд байхаас нь зөв хүмүүжүүлээгүй эцэг, эх бол нөлөөлөхөөсөө өнгөрсөн байдаг юм билээ.
Төрөөс залуучуудыг дэмжих, хөгжүүлэх агуулга, зорилготой хөтөлбөрүүд гаргасаар ирсэн ч үр дүнд хүрээгүйн нотолгоо нь залуусын өнөөгийн байдал буюу. Хамгийн сүүлд Засгийн газрын 2019 оны 171 дүгээр тогтоолоор баталсан Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг харъя. Зорилгыг нь залуучуудын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах таатай орчныг бүрдүүлэх замаар эх оронч үзэлтэй, тусгаар тогтнол, түүх, хэл, өв соёлоороо бахархдаг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, өөрийн, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарладаг өрсөлдөх чадвартай иргэн болоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино хэ мээн тодорхойлжээ. Уг зорилгод хүрэхийн тулд хэд хэдэн зорилт дэвшүүлж. Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, залуучуудын насан туршдаа суралцахуйг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг нь дэмжиж, тэдэнд ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх зэргээр дурайлгасан. Эдээрийг зүйл, заалт бү рээр нь авч үзэхэд биелж байгаа нь төдийлөн алга.
Бүх шатны сургалтын чанарыг сайжруулсан уу. Үгүй. Ерөнхий боловсролын сургууль болон хувийн, нэрээс цаашгүй нь бүү хэл, улсын их, дээд сургуулиудад чанарын өөрчлөлт, дэвшил гараагүй. Хамгийн нэр хүндтэй МУИС гэхэд дэлхийн их, дээд сургуулиудын чансааны жагсаалтад 6000 орчимд байдаг гэдгийг дуула хад гутармаар байж билээ. Аль ч шатныхад суралцагчдаа сэтгэл ханамжтай сургадаг цөөн хэдэн сургууль байдгийг бас дурдах хэрэгтэй л дээ.
Залуусын хөдөлмөр эрхлэлт хэр сайжирсан бэ. Манай улсад ажлын байр байна уу. Монголчууд ажил муу хийдэг гээд гадаадаас ажиллах хүч авахаа л урьтал болгодог. Энэ нь нэг талаар аргагүй ч байх. Яагаад гэвэл залуучууд дунд дээрх, айлын байр засах гэж хэрхэн ядраасан явдалтай агаар нэгэн авирладаг биз.
Гарааны бизнесийг нь дэмжиж, тэдэнд ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлж байгаа бил үү. Эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж чадахгүй л байна. Эх оронч үзэл гэдэгт эх хэлээрээ зөв бичиж, ярихаас эхэлнэ гэж өмнө нь бичиж байлаа. Ядаж л телевизүүдээр буруу, зөрүү ярьж, бичихийг хуулиар хориглож чадвал залуусын төлөвшилд нэмэртэй, зөв зүйтэй алхам хийлээ гэж үзнэ.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төрийн захиргааны байгууллага бий. Гагцхүү яаж ажиллаад, ямар үр дүнд хүрч байгаа нь тодорхойгүй. Тэгээд ч энэ нь ганц нэг байгууллага зүтгээд барах хэрэг ч биш байх. Төрийн өндөр албан тушаалтнуудаас авхуулаад шат шатанд хариуцлага, хандлагыг сайжруулж, өөрсдөө үлгэрлэхийн сацуу ор нэрийн төдий хууль гэхээс илүүтэй ёс суртахууныг эрхэмлэж, хэм хэмжээг нь нийгэмд бүхий л талаар шингээж өгөхөд төрийн бодлогоо чиглүүлбэл нэмэртэй сэн.