Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт Үндсэн хуулийн цэцээс болж гацсан гэдэгтэй хууль тогтоогчид санал нэг байгаа бололтой. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга энэ талаар мэдээлэл сонсох уулзалт зохион байгуулахад үүнд оролцсон холбогдох байнгын хорооны дарга нар, зарим гишүүн болон бусад албаны төлөөлөл ингэж “ховлосон” юм. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ч УИХ-аас томилох 10 хүний тухайд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад буй нь бас худлаа биш.
Сануулбал, Шүүхийн тухай хуульд тусгасан, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох, сонгохтой холбоотой зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх 03 дугаар дүгнэлтээ Цэц өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур буюу өдгөөгөөс дөрвөн сар гаруйн өмнө гаргасан.
Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр бүрдүүлэх ажил ид өрнөж байлаа. Жишээ нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, тэндээс бүртгэсэн 50 гаруй нэр дэвшигч, тэдний талаар иргэд, олон нийтээс санал, шүүмжлэл, байр суурийг нь сонсох ажил эхэлж байв. Улмаар сонгон шалгаруулалтын нүсэр ажил долдугаар сарын 1 гэхэд эцэслэж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллах учиртай байлаа.
Шүүгчийг шилж сонгон, энэ засаглал хараат бусаар, бие даан орших нөхцөлийг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл өмнөх хуулиар таван гишүүнтэй байсан бөгөөд тэднийг Ерөнхийлөгч томилж ирсэн. Харин одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй болгож, тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилох заалттай. Тэдгээр таван гишүүнийг “шүүгч бус” хэмээн тодорхойлж, сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэн хариуцаж буй. Ер нь бол Шүүхийн ерөнхий зөвлөлд таван хүн томилж байсан Ерөнхийлөгчийн эрхийг УИХ өөртөө авчихаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг гэж тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандсаныг нь ёсоор болгосон гэж ойлгож болно. Тодорхой хэлбэл, энэ зохицуулалт нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөл бүрдүүлж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэн, Шүүхийн тухай хуулийн холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн юм. Шүүхийн сахилгын хорооны тухайд ч адил. Хэдийгээр тус хорооны гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй, есөн хүний бүрэлдэхүүнтэй хэвээрээ буй ч шүүгч бус тавыг нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилно. Уг хороог Ёс зүйн хороо байхад даргыг нь томилохоос авхуулаад ажиллах дүрмийг нь хүртэл баталдаг байсан Ерөнхийлөгчийн эрх, оролцоог хууль тогтоогчид хязгаарлачихсан хэрэг.
Мэдээж үнэмлэхүй олонх бүхий парламент Цэцийн шийдвэрийг хүлээж аваагүй. Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Өнгөрсөн хийгээд одоогийн парламентын аль алинд нь үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаагийн хувьд МАН-ынхны хийсэн гэж ярих хамгийн чухал ажил нь энэ. Улмаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилж байгаа олон хууль, тэр дундаа эрх зүйн томоохон шийдвэр нь Шүүхийн тухай хууль. Тэгээд ч өмнө нь Шүүхийн тухай хуульд хориг тавьсныг хүлээж аваагүй хүмүүс Ерөнхийлөгчийн хүсэлтийг хангасан Цэцийн шийдвэрийг дэмжихгүй нь лав. УИХ үүнийг хүлээж авахгүй гэсэн албан ёсны шийдвэрээ тавдугаар сарын эхээр гаргаж, даруй гурван сар өнгөрчихөөд байгаа юм. Дээрх 03 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын албан ёсны шийдвэр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд тавдугаар сарын 28-нд нийтлэгдсэн. Өөрөөр хэлбэл, Цэц их суудлын хуралдаандаа бэлтгэж, товыг нь түгээх “тоолуур” энэ мөчөөс гүйж эхэлсэн гэсэн үг. Уг нь их суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болдог. Үндсэндээ их суудлын хуралдаанд бэлдэхэд хоёр сарын хугацаа бий гэсэн үг. Өмнөх жишгээс харсан ч их суудлын хуралдааныг ингэтлээ удаж байж товлосон нь үгүй. Гэтэл хуралдаанд бэлтгэх хуулийн хугацаа нь өнгөрсөн атал Үндсэн хуулийн цэц таг чиг.
Хууль тогтоогчдын хувьд цар тахал, халдварын тархалтаас болж Үндсэн хуулийн цэц хуралдаж чадахгүй байна гэж үзэж буй бололтой. Магадгүй Цэцийнхэн ч ийм тайлбар хэлсэн биз. Иймд Үндсэн хуулийн цэц болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаа УИХ-аас мэдэгдэв. Тодруулбал, дээрх уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн цэц цар тахлын нөхцөлд цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй. Эдгээрийг намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэн баталснаар Шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ” хэмээсэн юм.
Гэвч Цэц цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй гэдэг нь юу л бол. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд л их суудлын хуралдаан болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн билээ. Үүнээс өмнө ч цөөнгүй хуралдаан болсон. Тэр болгоныг халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг баримтлан зохион байгуулсан байдаг. Тэгээд ч Цэцийн хуралдааны танхим том, оролцох хүн нь ч тогтсон тоотой, тийм олон байдаггүй шүү дээ.
Юутай ч хууль тогтоогчдын байр суурь, УИХ-ын даргын хэлсэн үг Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэг ёсны анхааруулга байх болов уу. Хугацаанд нь хуралдуулахгүй, санаачилгаараа товлохгүй бол хуулийг нь өөрчлөх бүрэн эрх бий гэдгээ УИХ-аас санууллаа. Ийнхүү Цэц хуралдааны тов дуулгахгүй бол ирэх аравдугаар сард УИХ холбогдох хуулиудад нь гар хүрэх нь. Ингэхдээ зөвхөн цахимаар хуралдах эрх зүйн орчин бүрдүүлээд өнгөрөх үү гэдэг нь бас анхаарал татсан асуудал болж мэднэ. Тэд өөр юугаар оролдохыг таашгүй.
Гэвч УИХ-ын баталсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэж буй, эсэхийг шүүх эрх зөвхөн Цэцэд л бий. Өөрсдийнх нь ажиллах эрх зүйн орчинтой холбоотой нэмэлт, өөрчлөлт батлагдлаа гэхэд “Өө, ямар сайн юм бэ. Баярлалаа” гээд талархах уу гэдэг нь бас л асуулт. Магадгүй маргаан үүсгээд хуулийн өөрчлөлтийг үгүйсгэхгүй гэх газаргүй. Ийм л адаг нь үл харагдах маргаан, мэтгэлцээн үргэлжилж мэдэх нь.
Энэ тохиолдолд шүүхийн шинэчлэл юу болох билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр бүрдүүлэхээс авхуулаад шинэ хуулийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн олон ажил хэрхэх бол гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Мөн Цэц ингэтлээ хүлээлгэхгүйгээр их суудлын хуралдаанаа хийж, өмнөх шийдвэрээ бататгаж болох байсныг эцэст нь тэмдэглэе. Учир нь дунд суудлын хуралдааны шийдвэрээ Цэц дараагийн шатанд баталгаажуулдаг нь нэгэнт тогтсон жишиг юм шүү дээ. Чухам иймээс эл хуралдааныг ихэд удаадаг нь өөр учир шалтгаантай юу, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүх эрх мэдлийг атгах уу, бүх эрх мэдэл улс төрийн нэг намынхны гарт очих уу гэх мэт олон асуулт хөврөх аж.