Олон улсын "Аравт" морин цэргийн болон “Цэргийн ралли” уралдааны нээлт өчигдөр болжээ. Энэ үеэр уралдааны гарааг сугалсан бөгөөд Казахстан улсын тамирчид салхыг хагалахаар боллоо. Энэ жил Аравт”-д Монгол, ОХУ, Казахстан, Узбекистан Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцох юм байна. Уралдаанд оролцох баг тамирчид наймдугаар сарын 14-22-ны өдрүүдэд уралдааны өмнөх бэлтгэл сургалтыг 9 цэгт өдөр бүр 2 цагаар гүйцэтгэсэн юм. Сугалаагаар нэгд Казахстан, хоёрт Узбекстан, гуравт Монгол, дөрөвт ОХУ гараанаас гарна. Ингэснээр алсын зайн маршид 8 дугаар сарын 23-ны өдөр Казахстан, Узбекстан, 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид 110 км замыг таван удаагийн даалгавар гүйцэтгэж барианд орох ёстой юм. Алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжилнэ. Харин “Цэргийн ралли” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг өнөөдөр өглөө 07.00 цагт гараанаас гарчээ.